Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академитай хамтран “Ёс зүй, хүний эрх” сэдэвт богино хугацааны сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтан болон төрийн албан хаагчдад зориулан үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Б.Энхболд “Хүний эрхэд суурилсан төрийн байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, төрийн байгууллагын үйл ажиллагаа хүний эрхийн суурь зарчмууд дээр үндэслэгдэх ёстойг хэллээ.
Тэрээр ХЭҮК-ын хүлээн авсан нийт гомдол мэдээллийн 17 хувийг төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл эзэлж буй бөгөөд боловсрол, эрүүл мэнд, соёл, болон туслах үйлчилгээний салбаруудад ачаалал, ялгаварлан гадуурхалт цалин хөлс, ажлын байрны дарамт зэрэг хүний эрхийн асуудал түгээмэл байгааг онцлов.

Тус сургалт нь төр хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүргээ биелүүлж хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагад хүний эрхийн зөрчил үүсэх шалтгаан, үр дагавар, хүний эрхэд суурилсан хүний нөөцийн удирдлага, эрсдэлийн үнэлгээний арга зүй, шинжилгээний асуудлуудын хүрээнд мэдлэг, ур чадвар олгох бөгөөд бодит кейс дээр ажиллах зэргээр практик агуулгатайгаар явагдаж буйгаараа онцлог юм.

Ээлжит буюу долоо дахь удаагийн сургалт, хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн ЗДТГ-ын дарга нар, УИХ-аас томилогддог байгууллагын дарга нар хамрагдаж байна.
