Complaint
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2025.11.28 58
Listen

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоотой хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд  тулгамдаж буй асуудал, шийдэл гарцыг тодорхойлох зорилго бүхий цуврал хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр (2025.11.28) “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт эхний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.   

  

Комиссын дарга Д.Сүнжид хэлэлцүүлгийг нээж “Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй гомдол, мэдээлэл, судалгаанаас харахад бид гэрч, хохирогчийг хамгаалж буй одоогийн тогтолцоогоо эрс өөрчилж, сайжруулахгүй бол тэднийг хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байна гэж дүгнэхээр байгаа. Комиссын зүгээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт болон насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах талаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22, 23 дахь  илтгэлүүддээ тусгаж,  тодорхой саналыг УИХ-д  хүргүүлж ажиллаж буй гэдгээ дурдлаа.   

 Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны байдлаар нийт 115,587 гэмт хэрэг бүртгэгдэж, 113,424 хүн хохирч, гэмт хэргийн улмаас 1.49 их наяд төгрөгийн хохирол учирснаас ердөө 46.9 хувь нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлөгдсөн. Цагдаагийн байгууллага 2020-2022 онд нийт 571 иргэнийг хамгаалалтад авч, 606 төрлийн хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч гэрч, хохирогч болон тэдний хамаарал бүхий хүмүүсийг айлган сүрдүүлэх, дарамтлах зэрэг нөлөөлөх явдал түгээмэл байгаа нь тэдний аюулгүй байдлыг хангах, хамгаалах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.”гэж хэллээ.  

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл “Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг нь одоо байгаа тогтолцоог хэрхэн сайжруулж, хөгжүүлэх вэ гэдэг дээр төвлөрч хуульчид болон  холбогдох байгууллагуудын санал, шийдлийг сонсохоор цугласан чухал хэлэлцүүлэг гэж ойлгож байна. Магадгүй өмнө нь тодорхой хугацаанд ажиллаж, бэхжиж байсан Тахарын албаны зохицуулалт, сайн туршлагыг эргэн харах байх. Тогтолцоог бэхжүүлэх гэдэг нь маш удаан хугацааны хүчин чармайлт шаарддаг ажил бөгөөд үүнд салбарын хүмүүсийн санал, санаачилга, дуу хоолой үнэтэй хувь нэмэр оруулдаг” тухай онцоллоо.    

Хэлэлцүүлэгт  Хууль зүйн дотоод хэргийн яам, ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Авлигатай тэмцэх газар,  Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв зэрэг хууль, хяналтын байгууллагын удирдлага, алба хаагчид, хуульч өмгөөлөгч, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоонд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, боломжийг тодорхойлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  

  

Комисс хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн холбогдох байгууллагуудад гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх санал, зөвлөмж хүргүүлэх юм.