Гомдол
Жендэрт суурилсан хүчирхийллийн 16 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.

Жендэрт суурилсан хүчирхийллийн 16 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.

2025.11.25 66
Сонсох

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд тохиодог билээ. Энэ удаагийн аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе” уриан дор өнөөдрөөс эхлүүлж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн 16 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурлыг /2025.11.25 / зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүд, Засгийн газар, төрийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж, технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Тус хэвлэлийн бага хуралд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид оролцож, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг үр дүнтэй шийдвэрлэхэд холбогдох арга хэмжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх” нь сэдвийн хүрээнд энэ төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай байгааг онцоллоо. Тодруулбал,

- Шинэ тутам цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийн төрөл хэлбэрийг Монгол Улсын хууль тогтоомжид нэмж тусган боловсронгуй болгох;

- Олон улсад жендэрт суурилсан хүчирхийллийн 36 төрлийн “нэр томьёо” ашиглаж байгаа ч Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид 14 төрлийн үйлдэлд хамаарах агуулга тодорхой хэмжээнд тусгасан ч эдгээр үйлдлийн арга хэлбэр, сэдэл зорилго, нийгмийн хор аюулын шинж зэргийг эргэн харах;

- Цахим технологи, цахим орчин ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийг мөрдөн шалгах, цахим нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, үнэлэх аргачлал боловсруулж, үе шаттай сургалт явуулах замаар цагдаагийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх;

- Энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудад зориулсан мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөж, бүх үүрэг хүлээгч талуудыг оролцуулан хэрэгжүүлэх;

- Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид урт хугацааны сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл заслын эмчийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хохирогч төвтэй тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна.

Мөн Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвийн хүрээнд 4 санал, зөвлөмж УИХ-д хүргүүлснээс УИХ-ын 2025 оны 77 дугаар тогтоол батлагдсан юм.

Түүнчлэн Комиссоос тус аяны хүрээнд Комиссын илтгэлд тулгуурлан цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт олгох сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад ойлгуулан таниулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын яаманд, жендэрийн тухай, жендэрт суурилсан хүчирхийллийн төрөл, хэлбэр, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогоох чиглэлээр олон нийтийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг манлайлан оролцохыг уриалж байна.