Гомдол
Хүний эрхийн хүндэтгэлийн 50 дахь удаагийн лекцийг зохион байгууллаа

Хүний эрхийн хүндэтгэлийн 50 дахь удаагийн лекцийг зохион байгууллаа

2025.11.20 89
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр хүний эрхийн олон улсын өдрийг угтан хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь 2012 оноос уламжлал болон зохион байгуулж ирсэн Хүний эрхийн хүндэтгэлийн лекц юм.  

Энэ жилийн Хүний эрхийн хүндэтгэлийн лекц нь өнөөдөр /2025.11.20/ буюу Монгол бахархлын өдрийн өмнө “Монгол хүний язгуур чанар” сэдвийн дор зохион байгуулагдаж, монгол хүний үнэт зүйл, соёлын өв, түүхийн дархлааг эргэцүүлэн хэлэлцэх боломжийг бүрдүүлсэн онцгой дугаар боллоо. 

Хүндэтгэлийн лекцийг нээж, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, “Хүний эрхийн хүндэтгэлийн лекц нь нийгмийн, хууль зүйн, улс төрийн болон олон улсын салбарын төлөөллүүдийг зочин илтгэгчээр урьж, хүний эрхийн ойлголт, үнэт зүйлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн. Энэ удаагийн 50 дахь лекцийн онцлог нь монгол хүний язгуур чанар, монгол түмний үнэт зүйл, ондоошил, түүхийн дархлааг эргэн сануулах, дахин тодотгох ач холбогдолтой юм. Бидний үнэт зүйл бол түүх, соёл, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн баталгаажуулсан Үндсэн хууль, нэг хэл, нэг соёл юм.” хэмээн онцоллоо. 

Хүний эрхийн хүндэтгэлийн лекцийн зочин илтгэгчээр Монгол Улсын Төрийн соёрхолт, урлаг, соёл судлаач, “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн, “ТАСАМ” төслийн удирдагч Цэрэндоржийн Санчир уригдан оролцлоо. Тэрээр “Монгол хүний язгуур чанар” сэдвээр лекц уншиж, Монголын Эзэнт гүрний үеэс дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын өв соёл, дурсгал, түүхийн баримтыг орон орноор нь судалсан хээрийн судалгааны туршлагаасаа хуваалцахын сацуу монгол хүний язгуур чанарыг түүх, соёлын бүтээн байгуулалт өв соёлын онцлогтой холбон тайлбарлав. 

Түүнчлэн устах аюулд буй Монгол соёлын дурсгалуудыг баримтжуулах, олон нийтэд хүргэх үйл ажиллагаа нь соёлын эрхийг хамгаалах, цаашлаад хүний эрхийн боловсролыг дэмжих нэг хэлбэр гэдгийг дурдлаа. 

Арга хэмжээнд оролцогчид зочин илтгэгчээс илтгэлтэй холбогдуулан дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын хүний эрхийн нөхцөл байдал, монгол хүний язгуур чанар, үнэт зүйл, бүтээн байгуулалтын талаар сонирхсон асуултаа асууж, хэлэлцүүлэг өрнүүлэв.