Гомдол
Хүний эрхийн боловсролын матрицын төслийг хэлэлцэх уулзалт боллоо

Хүний эрхийн боловсролын матрицын төслийг хэлэлцэх уулзалт боллоо

2025.11.18 61
Сонсох

“Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” арга хэмжээний үр дүнгийн талаар санал солилцох, боловсруулж буй “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчийн хүний эрхийн боловсролын матриц”-ын төслийг хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2025.11.18/ боллоо. 

Уулзалтыг нээж Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комисс хоёр жил тутамд хүний эрхийн боловсролын симпозиумыг зохион байгуулдаг бөгөөд  дөрөв дэх симпозиум нь бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдад хүний эрхийн боловсрол олгох суурь матрицыг боловсруулахад чиглэсэн гэдгийг онцоллоо. Мөн матрицын төсөлд 140 гаруй байгууллагын саналыг тусгасан бөгөөд симпозиумоос гарсан санал, санаачилгыг нэгтгэн холбогдох байгууллагуудад Комиссын Зөвлөмж хүргүүлсний нэг Боловсролын сайдад хүргүүлсэн зөвлөмж болохыг дурдав.  

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Боловсролын бодлого, төлөвлөлтийн судалгааны секторын эрхлэгч Х.Отгонбаатар “Боловсролын бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусгах хүний эрхийн боловсролын агуулгын матрицыг боловсронгуй болгох нь” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр одоогийн сургалтын хөтөлбөрт суралцахуйн хүрээ, судлагдахууны нийтлэг агуулга бүрэн, тодорхой бус тул Боловсролын ерөнхий хуулийн 14 зүйлийн 14.4-т заасан агуулга болон судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн хөтөлбөрийн нийтлэг агуулгыг эх оронч сэтгэлгээ, хүний эрхийн боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, иргэний ёс зүй, эрүүл мэндийн боловсрол, хүмүүнлэг иргэн, тогтвортой хөгжлийн боловсрол, гамшгаас хамгаалах болон аюулгүй амьдрах арга ухаан, ажил мэргэжлийн чиг баримжаа, эдийн засаг, санхүүгийн боловсролд чиглүүлж буйг хэллээ.  

Тус матрицын төслийг боловсруулах ажлын хэсгийн гурван удаагийн уулзалт, хэлэлцүүлэг болон “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025”-ын санал, үр дүнтэй уялдуулан боловсруулж, нийт 507 гаруй саналаас тусган боловсруулж байна.  

“Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчийн хүний эрхийн боловсролын матриц”-ын төслийн санал авах, хэлэлцэх, эцэслэх уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнисти Интернэшнл, Боловсролын яам, Боловсролын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газар, Монголын Хуульчдын холбоо, МУИС, Отгонтэнгэр их сургууль, СӨБ, ЕБС, МСҮТ-ийн төлөөлөл оролцов.