Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд нар 2025 оны 11 дүгээр сарын 11–13-ны өдөр Фижи Улсад зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган (APF)-ны 30 дугаар ээлжит хуралд оролцож байна.

Хурлын үеэр гишүүн байгууллагууд өөрийн улсын хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцав. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах чиглэлээр Комиссын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ахиц дэвшлийн талаар танилцуулга хийлээ.

Түүнчлэн “Эмэгтэй удирдагчдын хэлэлцүүлэг” тусгай хуралдаан болж, хүний эрхийн байгууллагын манлайлалд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих асуудлыг хэлэлцсэн юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 2025 оны 11 дүгээр сарын 13-нд болох “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа: Хүний эрхийг ахиулах нь” сэдэвт хоёр жил тутам болдог олон улсын бага хуралд “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба байгаль хамгаалагчид” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно.