Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа 2025 оны 10 дугаар сарын 29–31-ний өдрүүдэд Дани Улсын Копенхаген хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн “Хүний эрх ба хиймэл оюун ухаан” сэдэвт 23 дугаар семинарт оролцлоо.
АСЕМ-ийн энэхүү семинарыг Ази-Европын Сан (ASEF), Данийн Засгийн газар болон Копенхагены их сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд Ази, Европын 60 гаруй улсын төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгээр хиймэл оюун ухааны хөгжил, хэрэглээ хүний эрхэд үзүүлэх нөлөөллийн талаар санал солилцов.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрх ба технологи” сэдвийн хүрээнд олон нийтийн хяналт, шалгалтын чиглэлээр хийсэн ажлын туршлага, үр дүнг хуваалцсан юм. Семинарт оролцогчид Ази, Европын орнуудын хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, хэрэглээтэй холбоотой тулгамдсан асуудлууд, хууль эрх зүйн зохицуулалт, бодлогын чиг хандлагын талаар харилцан туршлага солилцсон бөгөөд Европын орнууд хууль эрх зүйн зохицуулалтын тогтолцоог баримтлах чиглэлд төвлөрч байгааг, харин Азийн орнууд зөвлөмж, удирдамжийн хэлбэрээр зохицуулалт хийхийг илүүд үзэж буйг онцоллоо.
Мөн оролцогчид Ази, Европын орнуудын бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтарсан платформ байгуулах, хиймэл оюун ухаан хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг тогтмол үнэлэх, дүгнэх уулзалтуудыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Түүнчлэн НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйн зохицуулалт боловсруулж, хамтран ажиллах шаардлагатай талаар оролцогчид нэгдсэн байр сууриа илэрхийлэв.
