Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн хүрээнд Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт очиж ажиллалаа.

Иргэдийн зүгээс түлш борлуулах цэгийн байршил тодорхойгүй, борлуулалтын аппликейшний хөгжүүлэлт муу, түлшний хангамж тасалдаж байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Мөн хагас кокосжуулсан нүүрс сайжруулсан түлшнээс дулаан ялгаруулалт муу, үнс ихтэй. Тиймээс түүхий нүүрс түлэх нь эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй. Иргэдийн хувьд долоо хоногт 7 шуудай түлш авах ёстой ч, ердөө 3 шуудай ногддог улмаар хоёр хоногт тутам түлш борлуулах цэг рүү явдаг талаар иргэд санал бодлоо илэрхийлсэн юм.

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс Улаанбаатар хотод нийт 400 борлуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд хүн ам ихээр төвлөрсөн бүсүүдэд зам засварын ажил, дэд бүтцийн хязгаарлалтаас үүдэн байршил сонгох боломж хомс байгаа тул түр хугацаанд нэмэлт цэгүүдийг нээж ажиллаж байна гэж мэдээллэв.
Комиссын ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаж, дүгнэлт хийхэд 7000 гаруй өрхтэй хороонд хоёрхон цэг ажиллаж байсан бол 2000 орчим өрхтэй хороонд гурван цэг ажиллаж байв. Борлуулалтын цэгийн бүсчлэл оновчгүй байгаагаас иргэд түлшээ авахын тулд зарим үед хэт хол явах, очсон цэг нь ачаалал ихтэй, өдөрт 5–10 тонн түлш борлуулах цэгт хүргэгдэж байгаа ч 2–3 цагийн дотор борлуулагдаж дуусдаг. Зарим тохиолдолд хэдэн өдөр дараалан түлш авч чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүссээр байна. Компанийн зүгээс угаасан, сайжруулсан, хагас кокосжуулсан гэсэн гурван төрлийн түлш нийлүүлж байгаа гэх боловч түлш борлуулах цэгт хагас кокосжуулсан түлш байгаагүй.

Нөхцөл байдалд дүгнэлт хийж, дулаан байх нь хүний суурь хэрэгцээ тул түлшний хангалтыг бүрэн, тогтвортой хангахыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шаардаж байна. Мөн иргэдэд түлшний эрсдэл, дулаан ялгаруулалт, барилт, хэрэглээний зөв дадал гэх мэт мэдээллийг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээ болон боломжит хувилбар бүрээр хүргэх шаардлагатайг онцоллоо.

Комиссын зүгээс иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс төрийн холбогдох байгууллагууд үүргээ биелүүлж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллах бөгөөд ХЭҮК холбогдох саналыг албан тушаалтнуудад хүргүүлнэ.