Гомдол
ХЭҮК хилийн цэргийн ангиудад хяналт, шалгалт хийлээ

ХЭҮК хилийн цэргийн ангиудад хяналт, шалгалт хийлээ

2025.10.31 111
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Завхан, Увс, Ховд, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нартай хамтран баталсан удирдамжийн хүрээнд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд Комиссын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа, Ж.Хунан нараар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 09, 10 дугаар сард Завхан, Увс, Ховд, Сэлэнгэ, Дорноговь аймаг дахь Хилийн цэргийн 0277, 0245, 0311, 0130, 0101, 0108 дугаар ангид хяналт шалгалт хийж, зарим застав, Арцсуурь, Албанбулаг, Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцлаа.  

Хилийн ангиуд Монгол Улсын Хилийн тухай хууль тогтоомж,  “Монгол Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах тухай” удирдамж зэрэг холбогдох тушаал шийдвэрийн дагуу улсын хил хамгаалалтыг зохион байгуулж байна. Хилийн ангиуд хариуцсан хэсэгт өдөр, шөнийн камеруудыг суурилуулан хилийн дохиоллын систем, дроныг улсын хил хамгаалалтад ашиглаж байгаа нь хилийн манаа хүрэхэд хүндрэлтэй газар орныг байнгын хяналтад авах боломжтой болгосон бөгөөд хариуцсан хилийн хэсгээр гарсан зөрчлийн 10 хүртэл хувийг дроноор илрүүлж, хилийн заставуудыг дроноор хангаж, ашиглаж эхэлснээр бие бүрэлдэхүүний ачаалал 33.0 хүртэл хувиар буурсан бөгөөд хугацаат цэргийн албан хаагчдыг хилийн харуул манааны үед гаргадаг зөрчил эрс буурчээ.  

Улсын хилийн хариуцсан хэсгээр хилийн дэглэмийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг телекамер, дрон ашиглан илрүүлж, шийдвэрлэж байгаа нь Хүний эрхийн Үндэсний Комисс, Хил хамгаалах ерөнхий газрын хамтын ажиллагаа, Комиссоос 2020 оноос хойш хилийн ангиудад хийсэн хяналт шалгалт, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүн бөгөөд улсын хил хамгаалалтад техник, технологи ашиглаж буй байдал хилийн цэргийн ангиуд дээр зохих түвшинд хэрэгжиж, алба хаагчдын ажлын ачааллыг бууруулж, хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцаанд өртөх байдлыг багасгажээ.  

1.Хилийн цэргийн 0277 дугаар ангийн хувьд шинээр штабын байр баригдаж байгаа бөгөөд Боомтын сэртгэлтийн бодлогын хүрээнд Арцсуурь боомтын бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн боловч зогсонги байдалтай байна.  

Боомт, гаалийн хорооны ойр орчимд 200 гаруй иргэд, хил, гаалийн албан хаагчид болон Тэс, Баянтэс сумын иргэд мал маллан амьдардаг бөгөөд боомтын хэмжээнд цэвэр усны нэг худагтай байгаа нь анхаарч шийдвэрлэх асуудлын нэг болжээ.  

Мөн Ангийн Эрүүл мэндийн тасагт эхоны аппарат дутагдалтай байх тул нэн даруй шийдвэрлэх, боомт дээрх хилийн заставын албан хаагч нарын байрыг Улсын комисс ажиллуулж, хүлээн авах шаардлага үүссэн байна.  

2.Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хувьд цэргийн анги, хугацаат цэргийн байрууд нь зориулалтын бус, удаан хугацаанд ашиглагдсан, хилийн цэргийн салбаруудын зарим барилга байгууламж хуучирч муудсан байх тул байруудыг шат дараатай шинэчлэх хөрөнгийг улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх.  

3.Хилийн цэргийн 0245 дугаар ангийн чанар байдал муу, их засвар зайлшгүй хийх, эсхүл шинээр барих шаардлагатай байрууд болон гадна бие засах газрыг шинээр зайлшгүй барих шаардлагатай болсон.  

4.Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хувьд хүүхдийн Цэцэрлэгийг дотоод нөөц бололцоогоо ашиглан 2025 оны 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдын гал тогооны өрөө болон усанд орох өрөөг иж бүрэн тохижуулж, шинэчлэх, их засвар хийх хэрэгцээ шаардлага үүссэн байна. 

5.Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн цэргийн байр, агуулахууд нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, аюулгүй байдлыг хангахгүй, тухайн бүс нутгийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй болсон бөгөөд цаашид дээрх барилгуудад ашиглалт, үйлчилгээ явуулах боломжгүй талаарх Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 18-07-021/145, 2022 оны 18-07-021/213 дугаар дүгнэлтүүд гарсан.   

Хилийн цэргийн 0101 дүгээр анги болон ... дугаар салбарыг нүүлгэн шилжүүлж, шинээр барилга байгууламжийг барих шаардлага үүссэн.  

Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын шинэ цогцолбор ашиглалтад орж, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин нэмэгдсэнтэй холбогдуулан ажиллах орон тоог нэмэгдүүлэх, алба хаагчдын Алтанбулаг суманд амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага үүссэн байна.  

6.Хилийн цэргийн 0108 дугаар ангийн харъяа Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтын шинэ цогцолбор ашиглалтад орж, зорчигч тээврийн хэрэгсэл нэмэгдсэнтэй холбогдуулан Замын-Үүд суманд хүнд даацын авто машины зогсоолыг шийдвэрлэх шаардлагатай болсон.  

Мөн Цахим худалдааны залилан, захиалсан бараа ирдэггүй, эсвэл чанаргүй бараа ирдэг, валют солилцоо, гүйлгээтэй холбоотой луйвардуулах, карго, ачаа алга болох зэрэг хил, гааль дээр үүсдэг гэмт хэрэг, зөрчилд анхаарах шаардлагатай байна.  

Хугацаат цэргийн албан хаагчдын хувьд ар гэрийн эргэлт, уулзалт хэвийн явагдаж байгаа бөгөөд ар гэрийн гачигдлын улмаас болон эрүүл мэндийн шалтгаанаар хугацаат цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдлууд нийтлэг байна.  

Сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тохиолдол гараагүй байна.  

Хугацаат цэргийн албан хаагчдын өвчлөлийн дийлэнх нь шүдний өвчлөл байх тул цаашид хугацаат цэргийн албан хаагчдын шүдний эмчилгээний зардлыг төсвөөс хариуцах саналтай байгаагаа ангийн захирагч нар илэрхийлж байлаа.  

Цэргийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд , цэргийн албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх, сурч боловсрох эрхийн хэрэгжилт зохих түвшинд хэрэгжиж байна.  

Улсын хил дээр алба хааж байгаа хилчний гэр бүлийн гишүүдийг тэргүүн ээлжинд ажлаар хангах, ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, мөн хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчид жилд нэг удаа сувилалд амрах эрх, эсвэл мөнгөн тусламж олгох зохицуулалтыг хэрэгжүүлж, алба хаагчид ээлжийн амралтаа хугацаандаа авч хэвшсэн байна. 

Алслагдсан суманд байрладаг хилийн цэргийн салбаруудад ажиллаж байгаа офицер, ахлагчийн сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор албан хаагчийн хүүхдийг урамшуулалд хамруулдаг бөгөөд офицер, ахлагч нарын ажил эрхлээгүй гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, тэтгэмжид хамруулжээ. 

Мөн шалгалтад хамрагдсан ангиудын хувьд хүүхдийг эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сургууль, цэцэрлэгт хамруулах, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч, буцалтгүй тусламж үзүүлэн, төсөв хөрөнгийг шийдвэрлэж байгаа боловч “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг тусгайлан батлаагүй, зохион байгуулж буй ажил, арга хэмжээний төлөвлөгөөнд огноо, тамга, тэмдэг дарагдаагүй, албажуулаагүй, архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж, стандартад нийцүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил байна.   

Комиссын гишүүн Б.Энхболд Монгол Улсын Их Хурлын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний” тухай 49 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарч, цаашид хилийн анги, салбарууд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг жил бүрийн төлөвлөгөөндөө тусган зохион байгуулж, үр дүнг тооцож хэвших шаардлагатайг ангийн удирдлагуудад санууллаа.