Гомдол
ХЭҮК, МЭҮХ-той хөдөлмөрлөх эрхийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ХЭҮК, МЭҮХ-той хөдөлмөрлөх эрхийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2025.10.07 146
Сонсох

“Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” сэдэвт Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн, сонгуультны улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр /2025.10.07/ боллоо.

Зөвлөгөөнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид оролцож “Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллах асуудал” сэдвээр илтгэл тавьж, 2025 оны есдүгээр сарын байдлаар Комисс хууль тогтоомж, эрх зүйн актын төсөлд тусгуулахаар 124 санал өгч, нийт 1199 гомдол, мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэж, 171 хяналт шалгалт явуулсныг танилцуулав.

Иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон иргэд олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 2007, 2011, 2019 онуудад хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсныг мөн онцолсон юм.

Цаашид дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

- Хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн зөрчлийг таслан зогсоох үүднээс хамтарсан хяналт шалгалт хийх;

- Хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах эрхийн чиглэлээр судалгаа хийх, түгээх;

- Хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн тухай хууль тогтоомжид санал өгөх;

- Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх, сургалтын хэрэглэгдэхүүн, хүний эрх хамгаалагч чиглэлээр сургалтын модуль бэлтгэх, сургагч багш бэлтгэх зэрэг болно.

Энэхүү зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд нийгэм, эдийн засаг болон хөдөлмөрийн харилцааны өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шинэчлэн боловсруулахад түншлэгч талуудын оролцоог бүх түвшинд хангах, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой зохион байгуулж Засгийн газар, ажил олгогч эзэд болон МҮЭ-ийн холбооны төв, орон нутаг, салбар, анхан шатны түвшний ажилтнууд оролцлоо.