Гомдол
Иргэд өргөдөл, гомдол гаргах эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх нь төрийн байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг мөн

Иргэд өргөдөл, гомдол гаргах эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх нь төрийн байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг мөн

2025.10.06 90
Сонсох

Зөвлөмж тойм: №5

Огноо: 2025.06.17

Дугаар: №01/35

Төлөв: Хэрэгжүүлсэн

Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Гомдлын агуулга: Төрийн байгууллагад өргөдөл өгч, гомдол гаргасан боловч хариуг бичгээр өгдөггүй. Зөвхөн утасны дугаарт нэвтрэх холбоосыг мессэжээр илгээдэг. Илгээсэн холбоосоор нь төрийн үйлчилгээний цахим портал руу нэвтрэх гэхээр алдаа заагаад болдоггүй. Зарим тохиолдолд нэвтэрч орсон ч хариугаа хаанаас харах нь ойлгомжгүй. Хэрэглээ нь энгийн биш, хүндрэлтэй байдаг. Энэ нь иргэдийн төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийгээ шийдвэрлүүлэх Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж байна гэх гомдол нэр бүхий иргэдээс ирсэн.

Гомдлын мөрөөр хяналт шалгалт хийхэд:

1. Иргэд төрийн байгууллагад цахим, цаасан гэх мэт аль ч хэлбэрээр өргөдөл гомдол гаргах боломжтой. Гэвч тус байгууллагад цахим системээр өргөдөл, гомдол өгөхөд танилт нэвтрэлтийн “Дан” систем ашиглан нэвтэрдэг бөгөөд өргөдөл бичих хэсэгт хувийн мэдээллээ бүрэн оруулсны эцэст, илгээх үйлдлийг хийдэг байна. Цахим системийн хэвийн ажиллагаа үе үе доголддог бөгөөд энэ тохиолдолд Мэдээллийн технологийн газраас тухай бүр засварлан ажилладаг гэх хариу тайлбарыг ирүүлсэн. Практик хэрэглээнд дээрх цахим системд танилт нэвтрэлтийн “Дан” систем ашиглан нэвтрэх боломжгүй байгааг Комисс тогтоосон.

2. “Байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-д өргөдөл гомдлыг бүрэн шийдвэрлэсний дараа шийдвэрлэсэн байдлын талаар хаалтын тэмдэглэл хөтөлж өргөдлийг хаах зохицуулалттай. Тэмдэглэлийг “хангалттай” гэж үзсэн тохиолдолд тухайн иргэний гар утсанд тусгай дугаараас өргөдлийн хариу гарсан тухай мессэж илгээдэг байна. Гэтэл мессэжийн агуулгад өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байгууллага, албан тушаалтны нэр, гаргасан шийдвэрийн утга тусгагдаагүй, ойлгомжгүй байна. Ялангуяа иргэн өөр өөр агуулгатай өргөдөл, гомдлыг нэгэн зэрэг гаргасан тохиолдолд аль асуудлыг шийдвэрлэсэн талаарх мэдээлэл нь тодорхойгүй.

3. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1.1 дэх заалтад “иргэдээс өргөдөл гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах” үүргийг төрийн байгууллагад ногдуулсан хэдий ч бодит байдал дээр уг үүргээ бүрэн биелүүлэхгүй байна. Түүнчлэн төрийн байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тасралтгүй хүргэх үүрэгтэй. Гэтэл цахим системийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж, доголдож байгаа нь иргэд гаргасан өргөдөл гомдлынхоо шийдвэртэй цаг хугацаанд нь танилцах, шаардлагатай мэдээллийг бүрэн, ойлгомжтой авах боломжийг хязгаарлажээ.

Хүргүүлсэн зөвлөмж:

Танилт нэвтрэлтийн “Дан” системийн техникийн үйл ажиллагаанд үнэлгээ хяналт хийж, байгууллагынхаа цахим системтэй уялдаа холбоог бүрэн хангах, нэвтрэлтийн доголдлыг арилгах ;

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хариуг иргэдийн гар утсанд хүргэхдээ товч утга, агуулга зэргийг тусгах ;

Аливаа доголдол гарсан тохиолдолд иргэд, олон нийтэд цаг алдалгүй мэдээлж, нээлттэй анхааруулга хүргэх тогтолцоо бий болгох ;

Иргэдээс ирсэн гомдлын үндсэн шалтгааныг тодруулж, дахин давтагдахгүй байх нөхцөл бүрдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээ авах ;

Иргэдийн гомдол гаргах эрх, түүний хэрэгжилтийн талаар олон нийтэд таниулж сурталчлах .

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

Цахим системийг хөгжүүлэгч байгууллагатай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж гэрээний хүрээнд алдаа гарахад яаралтай засварлах, цаашид алдаа гаргахгүйд хяналт тавьж ажиллаж байна. Иргэдийн гар утсанд мессэж явуулахдаа “Мобиком” компанитай хамтран ажилладаг бөгөөд тус компанийн зүгээс 160 тэмдэгтээс илүү гаргах боломжгүй гэдгийг илэрхийлсэн тул шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын агуулга, товч утга зэргийг нэг мессэжд багтаах боломжгүй. Түүнчлэн системд алдаа гарч нэвтрэх боломжгүй байгаа үед “ДАН СИСТЕМИЙН АЛДАА” гэж харуулж байхаар хөгжүүлэлт хийв.

Дүгнэлт:

Төр, нийгмийн болон нийтлэг эрх ашигт хохирол учруулж болзошгүй зөрчил, дутагдлыг арилгуулах, хууль зөрчсөн аливаа үйлдлийн талаар иргэд өргөдөл, гомдол гаргах эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх нь төрийн байгууллага албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг мөн. Түүнчлэн иргэд эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргах, шийдвэрлүүлэх замаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээх боломжтой бөгөөд энэ нь хүний эрхээ шаардах бодит хэлбэрийн нэг юм.