Талууд Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилго бүхий санамж бичгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд 2025-2030 оны таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулга, үр дүнд дүн шинжилгээ хийж, төрийн албан хаагчдын сургалтын бодит хэрэгцээг үнэлэн, төрийн албаны ангилал, салбарын онцлогт тохирсон байдлаар хүний эрх, жендэрийн сэдвээр сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, цогц байдлаар хүргэх төлөвлөгөө, хэрэгжүүлэх тодорхой үйл ажиллагааны талаар талууд санал солилцлоо.
Хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг бодит болгон хэрэгжүүлэхэд холбогдох төрийн албан хаагчид блоон иргэний нийгмийн төлөөлөл, оролцогчдын хувьд аливаа хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг, төсөвт хүний эрх, жендэрийн дүн шинжилгээ хийх чадавхитай байх нь чухал байгааг Комиссын дарга дурдсан юм.
Төрийн бусад байгууллагууд, таван аймгийн төрийн албан хаагчид, төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийг чадавхижуулах, оролцоог дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх болохыг “Каталист плас” төрийн бус байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал онцоллоо.
Өнөөдрийн уулзалтад /2025.10.02/ Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, “Каталист плас” төрийн бус байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.


