Гомдол
“Ахмад настны эрхийн талаарх амлалтаа бэхжүүлье” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Ахмад настны эрхийн талаарх амлалтаа бэхжүүлье” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2025.09.25 70
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага болон Хүний эрхийн хөгжил төв хамтран олон улсын Ахмадын өдрийг угтаж “Ахмад настны эрхийн талаарх амлалтаа бэхжүүлье” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 25-нд зохион байгууллаа.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан тус хэлэлцүүлгийн хүрээнд ахмад настнуудад тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар иргэний нийгмийн байгууллагууд танилцуулж, холбогдох санал, төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Мөн ХЭҮК-оос зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн форумын үр дүн болох “Улаанбаатарын уриалга”-ыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахын чухлыг тодотгохын зэрэгцээ олон улсын хүний эрхийн конвенцын төслийг боловсруулах Засгийн газар хоорондын ажлын хэсэгт Монгол Улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа.

 

Хэлэлцүүлгийн нээж ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул: “Ахмадын асуудлыг зөвхөн нийгмийн халамжийн хүрээнд хардаг байсан үзэл хандлагыг өөрчлөх, насжилтыг хүний эрхийн асуудал гэж үзэх эрхэд суурилсан хандлага руу шилжих, ахмад настны эрхийн хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгаж, үе хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарч байгааг” онцлов.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: “Ахмад настны эрхийг хангах нь нийслэл төдийгүй хөдөө орон нутагт илүү хүндрэлтэй байна. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний хүртээмж муу байгаа нь ахмадуудын өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Ахмадууд эрхээ бүрэн эдлэх боломжтой байх нь нийгмийн тогтвортой хөгжлийн чухал хөрөнгө оруулалт” гэдгийг илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн үеэр ахмад настны эдийн засгийн хараат бус байдал, тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, асаргаа, сувилгааны хүртээмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүчирхийллээс ангид байх эрх зэрэг олон асуудлыг хөндсөн бөгөөд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ахмад настны эрхийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэлээ.