Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллаж байна

2025.09.24 54
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан суманд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Дэмчигжав болон Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдал, Ерөнхий боловсрол, Эрүүл мэндийн  байгууллагуудын удирдлагуудад “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн зорилго ач холбогдол, удирдамж, хөтөлбөрийг танилцуулж өдөрлөгийн арга хэмжээг эхлүүллээ.

Уулзалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Дэмчигжав: Сайхан сум нь 9284 хүн амтай, төв зам, төмөр зам дагуу байрлах, дэд бүтэц сайтай, газар тариалан, үйлдвэрлэл хослон хөгжсөн онцлогтой, Сэлэнгэ аймгийн баруун бүсийн 5 сумдын төв гэдэг утгаараа хөгжиж байгаа талаар болон холбогдох мэдээлэл хийв.

Мөн Комиссын гишүүн С.Дондов “Хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, ХЭҮК-ын чиг үүрэг”, Хүний эрх хамгаалагчийн ахлах референт, доктор, дэд профессор Б.Эрдэнэбат “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм сэдвээр, референт Ц.Рэнцэндулам “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хөдөлмөрийн дотоод тусгах замаар хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь” сэдвээр тус, тус сургалтыг 300 орчим оролцогчдод  танилцуулав.

Ажлын хэсэг сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, орчин нөхцөл, иргэдэд үйлчилж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй танилцаж, эмч, эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгчидтэй уулзаж санал хүсэлтийг сонсож хяналт шалгалтын ажиллагааг хийж байна.

Түүнчлэн Цагдаагийн хэлтсээс сумын нутаг дэвсгэр үйлдэгдсэн  гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэж буй явц, албан хаагч, ажилтнуудын ажиллах орчин  нөхцөл байдалтай танилцахад хүний нөөцийн дутагдалтай байгаа,  саатуулах, баривчлах байрыг 2013 оноос мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн акт тавигдсан боловч хэв журмын нөхцөл байдлын улмаас ажилласаар байгаа, хэлтсээс шинэ байрны зураг төслийг батлуулж, барилга бариулах төсвийг улсын төсөвт тусгуулах саналаа эрх бүхий байгууллагад хүргүүлсэн талаар ажлын хэсэгт танилцууллаа.

Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж санал хүсэлтийг сонсох, Сайхан сумын Номгон багийн ерөнхий боловсролын дунд сургууль, дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх,  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “ Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ” сургалтыг зохион байгуулах, хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдал,иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн сумын удирдлагуудтай дүгнэх уулзалт хийж шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сайхан сумын иргэдэд хүний эрхийн болон хууль зүйн зөвлөгөө өгөх, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр Сайхан сумын Засаг даргын тамгын газрын харьяа Нэг цэгийн үйлчилгээний төв дээр зохион байгуулж байна.