Гомдол
Сурагчдыг ургац хураалтын ажилд дайчлан ажиллуулах нь хуульд нийцэх үү

Сурагчдыг ургац хураалтын ажилд дайчлан ажиллуулах нь хуульд нийцэх үү

2025.09.18 52
Сонсох

Тойм: №4  

Огноо: 2023.11.09   

Дугаар:№05/26  

Төлөв:Хэрэгжүүлсэн  

Санамж: Энэхүү тойм нь олон нийтэд мэдээлэл олгох зорилготой.  

Агуулга: ...аймгийн зарим сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ургац хураалтын ажилд дайчилж байгаа тухай мэдээлэл ХЭҮК-т ирсний дагуу шалгах ажиллагаа хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: 

Тухайн аймгийн Засаг дарга 7 сумынхаа Засаг дарга нарт сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдыг 09.20-ноос 09.26-ны өдөр хүртэлх хугацаанд ургац хураалтын ажилд ажиллуулах чиглэлийг албан бичгээр өгчээ. 

Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу 7 сумын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 1072 сурагчийг ургац хураалтад ажиллуулжээ. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдүүдээс зөвшөөрөл авч гэрээ байгуулсан. Нэг сумын хувьд фэйсбүүк чатаар зөвшөөрсөн эсэх саналыг нь авчээ. Ажлын хөлс, хагас өдөрт 25 мянга, бүтэн өдрийн 40-60 мянган төгрөг эсвэл нэг шуудай төмсийг 2500 төгрөгөөр тооцож олгосон байна.   

 Ерөнхий боловсролын тухай хуулийн зохицуулалт:  

  • - “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ”. 

  • - “Суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ”. 

  • - “Долоо хоногт хичээллэх цагийн тоо, ээлжит хичээлийн үргэлжлэх болон сурагчийн амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно”.  

  • - “Орон нутгийн байгаль цаг уур, үйлдвэрлэл үйлчилгээний онцлогтой холбогдуулан цэцэрлэг, сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно”.  

  • - “Хуульд зааснаас бусад тохиолдолд хичээлийн жилийн үргэлжлэх дуусах хугацааг өөрчлөх сургуулийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоохыг хориглоно” гэж хуульчилжээ. 

Салбарын сайдын  тушаалаар, тухайн хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байх,  I улирлыг 10 долоо хоног буюу 2023.09.01-2023.11.03 хүртэл, сурагчдын амралтыг арван нэгдүгээр сарын 6-10-нд байхаар баталжээ. Энэ хугацаанд сурагчдыг ургац хураалтад дайчилсан нь тэдний сурч боловсрох эрхийг зөрчсөн байна.  Мөн ...аймгийн Засаг даргын албан бичиг нь олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрхийн суурь зарчимд нийцэхгүй байна.

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хууль, олон улсын гэрээний зохицуулалт: 

  • - Монгол Улсын Үндсэн хуульд “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”,  

  • - Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажил тулгаж болохгүй”.  

  • - Мөн Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцод хөдөлмөр эрхлүүлэх насны доод хязгаарыг 15 насаар тогтоосон. 

  • - Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд “15 насанд хүрээгүй хүнээр хуульд зааснаас бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно”.  

  • - “Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт  хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход саад учруулахгүй нөхцөлд 13-15 насны хүнийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлүүлж болно”. 

  • - 15 нас хүрээгүй хүнийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахдаа хүүхдийн эрхийн улсын байцаагч зөвшөөрөл олгосон бол хөдөлмөр эрхлүүлж болно”  

  • - Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн мэдээлэл, хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн хяналтын асуудал эрхэлсэн тухайн шатны төрийн байгууллагад мэдэгдэнэ” гэж хуульчилсан.   

Дээрх тохиолдолд сурагчдыг ургац хураалтад ажиллуулж байгаа талаар аймгийнхаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт мэдэгдээгүй. 6-7 дугаар ангийн сурагчид буюу 12-14 настай хүүхдийг ажиллуулахдаа хүүхдийн эрхийн улсын байцаагчаас зөвшөөрөл аваагүй нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээг зөрчсөн байна.   

Комиссын гишүүний шаардлага: 

  • Аль ч шатны удирдах албан тушаалтан хүүхдэд чиглэсэн шийдвэр гаргахдаа Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэх; 

  • Сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж болзошгүй аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хичээл сургуулийг үндэслэлгүйгээр тасалдуулахгүй байх;  

  • Орон нутгийн төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг үе шаттай үр дүнтэй зохион байгуулах талаар шаардлага хүргүүлж хэрэгжилтийг хангуулав.