Гомдол
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг хэрэгжүүлэхэд “Үндэсний дата төв” УТҮГ-тай хамтран ажиллана

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг хэрэгжүүлэхэд “Үндэсний дата төв” УТҮГ-тай хамтран ажиллана

2025.09.12 86
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа “Үндэсний дата төв” УТҮГ-т өнөөдөр /2025.09.11/ ажиллалаа. Тус төв нь Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Тиймээс иргэдийн хувийн мэдээлэл тус төвд төвлөрдөг учраас Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах, санал солилцохоор тус уулзалтыг зохион байгуулсан юм.

“Үндэсний дата төв” УТҮГ-ын захирал М.Баттулга байгууллагынхаа үйл ажиллагаа, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилладаг талаар мэдээлэл өгч, танилцуулав.

Иргэд төрийн үйлчилгээг ТҮЦ машин эсвэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар авдаг бөгөөд эдгээрийн ард “ХУР” систем ажиллаж байдаг. Тиймээс төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, “ДАН” системүүдийн ажиллагааг байнга сайжруулах шаардлагатай бөгөөд цаашид иргэний царай таних системийг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд танилт, нэвтрэлтийн системүүдийг ашиглах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд иргэдийн дата мэдээлэл, түүний аюулгүй байдлыг найдвартай, баталгаатай, хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангахад хуульд заасан чиг үүргийн хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад “Үндэсний дата төв” УТҮГ-ын ерөнхий инженер Ө.Гантулга, Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Д.Далх-Очир, Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Баттөр ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг, тус хэлтсийн референт Л.Болдхүү, Х.Хулан, мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Ө.Энхтөр нар оролцож харилцан мэдээлэл, саналаа солилцлоо.