Гомдол
Монгол Улс дахь Хүний эрх эрх чөлөөний байдлын талаар 24 дэх илтгэлийг Инновац, цахим бодлогын байнгын хороо хэлэлцэв

Монгол Улс дахь Хүний эрх эрх чөлөөний байдлын талаар 24 дэх илтгэлийг Инновац, цахим бодлогын байнгын хороо хэлэлцэв

2025.05.29 140
Сонсох

УИХ-ын 2025.05.01-ний өдрийн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, илтгэлийн бүлгийн санал, зөвлөмж бүрийг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, Хууль зүйн байнгын хороо нэгтгэн УИХ-д танилцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2025.05.28/ хуралдаанаар тус илтгэлийг хэлэлцлээ.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрх ба технологи” сэдвийг танилцууллаа. Тэрбээр, мэдээлэл цуглуулж боловсруулдаг энгийнээс эхлээд хүнийг тагнаж мөрдөх, хувийн цахим хэрэгсэл дэх мэдээллийг зайнаас татан авахуйц өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүд ч хэрэглээнд нэгэнт нэвтэрчээ.

Технологийн хөгжлийг төрийн бодлого эрх зүйн зохицуулалт гүйцэхгүй байгаа нь нийтийн эрх ашиг хохирох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Цахим технологийн хүний эрхийн эрсдэлийг хянан зохицуулах бодлогыг орхигдуулж, бодлого тогтворгүй, залгамж холбоогүй, баталсан бодлогын хэрэгжилт хангалтгүй байсан нь Монгол Улсын 20 жилийн туршлагаас анхаарч засах ёстой гол сургамж юм.

 Цахим хөгжлийн бодлого хууль тогтоомжид хүний эрхийг хамгаалах бодлогын үзэл санаа шингээгүй байна. Үүнийг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар зохицуулах дэс асуудал гэж хандсанаас байгууллага, албан тушаалтан тухайн технологийн хүний эрхийн эрсдэлийг мэдэхгүй байх, үл тоомсорлох нь түгээмэл байна. Түүнчлэн нийтийн орон зайд суурилуулсан камерын ашиглалт, эрх зүйн зохицуулалт, зорчих эрх, хязгаарлах ялыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болох цахим хэрэглээнд анхаарах, тагнах төхөөрөмжийн эрх зүйн зохицуулалтын хэт ерөнхий үр дүн бага буйг онцолж цаашид хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар танилцуулав.

 Мөн Комиссын гишүүн Х.Мөнхзул цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн талаарх асуудлыг танилцууллаа. Мөн цахим жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэж буй арга хэлбэр, хор уршиг, хохирол, хохирогчийн онцлогийг нарийвчлан судалж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэлтэй тэмцэх шаардлагыг хангахуйц нэмэлт өөрчлөлтийг оруулах. Хүүхэд эмэгтэйчүүд,залуучуудад зориулсан мэдээлэл нөлөөллийн үйл ажиллагаанд үүрэг хүлээгч талуудыг оролцуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэв.

 Илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Анар, ХЭҮК технологитой холбоотой зөрчлүүд дээр ямар чиг үүрэг, статустай талаар асууж, олон нийтийн үзэл бодол, далд ухамсарт шууд бусаар нөлөөлөх контент их байгааг дурдаж мэдээллийн болон кибер аюулгүй байдалд анхаарах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

 УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал жендерт суурилсан хүчирхийлэл, ялангуяа цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг их байгаа нь хүүхдийн сэтгэл санаа, бие махбодод ямар нөлөө үзүүлж буйг илрүүлж, тогтоох томоохон цогц судалгаа хийх шаардлагатай. Түүнчлэн хүний хувийн мэдээлэлд халдахад ногдуулах хариуцлагын механизмыг сайжруулахад олон улсын туршлагыг судлах, хиймэл оюуны зохицуулалтад анхаарах талаар байр суурь илэрхийлж санал солилцсон юм.

Монгол Улс дахь Хүний эрх эрх чөлөөний байдлын талаар 24 дэх илтгэлийг хэлэлцсэн талаарх Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар тогтов.