Гомдол
“Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалт Чингэлтэй дүүрэгт үргэлжилж байна

“Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалт Чингэлтэй дүүрэгт үргэлжилж байна

2025.05.21 120
Сонсох

ХЭҮК нийслэлийн дүүргийн хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Өмнө нь тус сургалтад Баянгол, Баянзүрх дүүргийн хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг хамруулсан. Өнөөдрийн сургалтад /2025.05.21/ Чингэлтэй дүүргийн 24 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын нийт 240 гаруй албан хаагч танхимаар хамрагдаж, хүний эрхийн мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ.

Сургалтыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав нар нээж үг хэлэв. Комиссын дарга Д.Сүнжид “Хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид бол засаг захиргааны үндсэн нэгжид төрийн үйлчилгээг иргэдэд биечлэн хүргэх, хүний эрхийг хамгаалах хариуцлагатай үүргийг хэрэгжүүлдэг албан хаагчид юм.

Иргэд эрхээ зөрчигдвөл хаана, хэнд хандаж гомдлоо гаргах, эрхээ шаарддаг, эрхээ хамгаалж чаддаг, цаашлаад зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэхэд бидний хамтын ажиллагаа чухал. Тиймээс хүний эрхийн талаарх мэдлэг, мэдээллийг хорооныхоо иргэдэд түгээж, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлж байвал хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй юм. Өнөөдрийн сургалтаар олгож буй хүний эрхийн мэдлэг ойлголт нь хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд дэмжлэг болно гэдэгт итгэж байна.

Статистик мэдээллээс харахад гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл 2017 оноос хойш буураагүй үзүүлэлттэй байна. Мөн сүүлийн үед хүүхэд, залуучууд цахим хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдөж байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулах мөн хүүхэд залуучуудад цахим орчинд өөрийн хувийн мэдээлэл, зураг гэрийн хаягаа танихгүй хүнд өгөхгүй байх талаарх мэдээлэл, санамжийг тогтмол олгож тэднийг цахим хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөлөө.