Гомдол
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн I, II бүлгийн санал, зөвлөмжийг УИХ-ын ТББХ-гоор хэлэлцэв

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн I, II бүлгийн санал, зөвлөмжийг УИХ-ын ТББХ-гоор хэлэлцэв

2025.05.14 111
Сонсох

УИХ-ын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, илтгэлийн бүлгийн санал, зөвлөмж бүрийг холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлж, Хууль зүйн байнгын хороо нэгтгэн УИХ-д танилцуулахыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд УИХ-ын Төрийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид  илтгэлийн  I бүлэг болох "Сонгох сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, Комиссын гишүүн С.Дондов "Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” буюу II бүлгийн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх баталгааг хангахтай холбоотой дүгнэлт, саналыг тус тус танилцууллаа.

ХЭҮК-оос УИХ-аар холбогдох шийдвэр гаргуулахаар I бүлгийн хүрээнд оюутан, гадаад улсад суугаа иргэд, оюутан суралцагч, төрийн албан хаагчийн санал өгөх боломжит хувилбарыг боловсруулах, сонгуулийн зардал, тайлагналтад хяналт тавих, хуульд хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын санал авах байрны хүртээмжийг нэмэх, сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангуулж, сонгуулийн нарийвчилсан статистик мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг 13 санал хүргүүлсэн.

Харин II бүлгийн хүрээнд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх баталгааг хангахтай холбогдуулан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн тусгах,  Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх, иргэний нэр төр, алдар хүндийн талаарх хуулийн зохицуулалтыг санаатай худал мэдээлэл тараах болон сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах гэсэн ойлголтыг ялгаж зохицуулах, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар нийтлэл, нэвтрүүлэг бэлдэж түгээх, хувийн аюулгүй байдлаа хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, редакцын хараат бус байдлыг хангасан зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн хууль тогтоомжоор зохицуулах зэрэг нийт 9 санал, харин өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан 7 саналыг хүргүүлээд байгаа юм.

Төрийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дээрх хоёр бүлгийн санал, зөвлөмжийг хэлэлцээд санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.