Гомдол
Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2025.05.13 74
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн  тусламж, үйлчилгээ авах эрхийн зохицуулалт бүхий хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлох” судалгааны ажлын гүйцэтгэгчээр ажиллах мэргэжлийн байгууллага (баг)-ыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.    

Зөвлөх үйлчилгээний хүрээнд төрөөс авч хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн хууль тогтоомж, тушаал, дүрэм, журам хүний эрхийн зарчимд нийцсэн эсэхийг тодорхойлж, тэдгээрийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, дүн шинжилгээ хийнэ.  

Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага  

  • Гурваас доошгүй судлаачаас бүрдсэн байх (багийн ахлагч ороод); 

  • Багийн ахлагч эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх (магистр түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно);    

  • Багийн гишүүд анагаах ухаан, хууль зүйн чиглэлээр баримт бичигт дүн шинжилгээ, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн судалгаа гүйцэтгэж байсан туршлагатай байх;  

  • Харилцаа, менежментийн өндөр ур чадвартай, зохион байгуулалттай байх;  

  • Монгол хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх;  

Ажил гүйцэтгэх хугацаа : Гүйцэтгэгч уг ажлыг нийт 3 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ажлын нарийвчилсан хугацааг үйл ажиллагааны төлөвлөгөө, гэрээнд тусгана.    

Бүрдүүлэх материал   

  • Байгууллагын эсхүл багийн хүсэлт;  

  • Байгууллага бол танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;  

  • Баг бол багийн гишүүдийн танилцуулга, дипломын хуулбар;  

  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэж байсан судалгааны болон ижил төстэй ажлын жагсаалт;  

  • Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалтын мэдээлэл;   

  • Судалгааны ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, танилцуулга.  

“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛУУЛАХ, ЭМНЭЛГИЙН  ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ, ЗӨРЧИЛ”  СУДАЛГААНЫ АЖЛЫН ДААЛГАВАР  

Нэг. Зорилго  

Судалгааны ажлын зорилго нь хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлж, түүнээс гарах хүний эрхэд нөлөөлөх үр дагаврыг үнэлэх судалгаа, дүн шинжилгээг хийж, цаашид авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулахад оршино.  

Судалгааны ажлын зорилгыг хангах үүднээс дараах үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ:  

Зорилт 1. Баримт бичгийн шинжилгээгээр эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журам зэрэг эрх зүйн актууд хүний эрхэд суурилсан эсэхэд дүн шинжилгээ хийх; 

Зорилт 2. Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлж, хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхэд нөлөөлөх үр дагаврыг арилгах санал зөвлөмж боловсруулах;  

Зорилт 3. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүний эрхтэй холбоотой үр  дагаврыг үнэлж тусламж үйлчилгээний хүртээмж, тэгш байдал, хариуцлагын тогтолцоо, үйлчлүүлэгч, эмч, эрүүл мэндийн ажилтны эрх, мөн төрийн болон хувийг хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрх зүйн байдал зэрэг байдлаар бүлэглэн дүн шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах.  

Хоёр. Хамрах хүрээ  

Төрөөс авч хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн бодлого, арга хэмжээ, хууль тогтоомж, тушаал, дүрэм, журам хүний эрхийн зарчимд нийцсэн эсэхийг тодорхойлж, тэдгээрийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, дүн шинжилгээ хийнэ. Үүнд:  

  • Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж;  

  • Бусад салбарын хуульд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хангахаар тусгагдсан, эрүүл мэндийн байгууллага, салбарын хүний нөөцийн чиг үүрэгтэй холбоотой зохицуулалтууд.  

Гурав. Арга зүй  

1. Судалгааны зорилго, зорилтод нийцүүлэн баримт бичгийн судалгаа, дүн шинжилгээг хийхдээ Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан аргачлал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 84 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах аргачлал”-ыг баримтална.  

2. Гүйцэтгэгчээс судалгааны арга, аргачлалын төслийг санал болгох ба энэхүү арга нь баримт бичгийн судалгааны арга зүйд суурилж, чанарын судалгааны аргыг хослуулна.   

Дөрөв. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа 

4.1. Үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, төсөвлөлт, хэрэгжилтийг зохицуулж буй эрх зүйн актууд хүний эрхийн зарчимд нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийх; 

4.2. Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлж түүнээс гарах хүний эрхэд нөлөөлөх үр дагаврыг үнэлэх;   

4.3. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх; 

4.4. Шүүхийн шийдвэрийн түүвэр судалгаа хийх;   

4.5. Бодлого боловсруулагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнууд, хүн амын бүлгүүдийн төлөөлөлтэй ярилцлага хийж мэдээлэл цуглуулах;   

4.6. Шаардлагатай зөвлөмж, санал боловсруулах, хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал бэлтгэх;  

4.7. Бусад шаардлагатай үйл ажиллагаа. 

Тав. Хугацаа  

Гүйцэтгэгч уг ажлыг нийт 3 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ажлын нарийвчилсан хугацааг үйл ажиллагааны төлөвлөгөө, гэрээнд тусгана.     

Зургаа. Ажлын төсөв  

Судалгаа хийх ажлын нийт төсөв 19,800,000 (арван есөн сая найман зуун мянга) төгрөг байна.  

Долоо. Ажил гүйцэтгэх багт тавигдах шаардлага 

7.1.Тус үйлчилгээг хуулийн этгээд болон зөвлөх баг гүйцэтгэх боломжтой. Судалгааны багийн бүрэлдэхүүн 3-аас доошгүй гишүүнтэй байна.  

7.2. Багийн бүрэлдэхүүнд эрх зүйч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнийг заавал багтаасан байна.  

7.3.Судалгааны багийн ахлагч, бусад гишүүд дараах шаардлагыг хангасан байна: 

Албан тушаал, ажилтны тоо 

Мэргэжил 

Ажилласан жил 

Туршлага 

Багийн ахлагч 1 

Эрх зүйч мэргэжилтэй, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн, магистрын зэрэгтэй байх 

Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай 

1.Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн судалгаа хийж байсан.  

2. Хүний эрхийн үнэлгээ, судалгаа хийж байсан.  

3. Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, дүрэм журам, аргачлал, салбар хоорондын бодлого зохицуулалт, стратеги  төлөвлөлтийн ажил хийж байсан бол давуу тал болно.  

Багийн гишүүд 2 

Анагаах ухааны болон хууль зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх 

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай 

1. Хүний эрхийн үнэлгээ, судалгаа хийж байсан. 

2. Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, дүрэм журам, аргачлал, салбар хоорондын бодлого зохицуулалт, стратеги  төлөвлөлтийн ажил хийж байсан бол давуу тал болно.  

7.4.Багийн ахлагч, гишүүдэд тавигдах нийтлэг шаардлага: 

7.4.1.Баримт бичгийн дүн шинжилгээ хийх ур чадвартай байх; 

7.4.2.Интернэт орчинд судалгаа хийх, хэрэглээний программууд ажиллуулах, дата мэдээлэл болон веб судалгаа хийх, үйл явцыг нэгтгэн дүгнэх, тайлагнан боловсруулах ур чадвартай байх;  

7.4.3.Судалгаа, шинжилгээний материалд үнэлэлт дүгнэлт хийх чадвартай байх; 

7.4.4.Нийгмийн эрүүл мэнд, эрх зүйн чиглэлээр баримт бичгийн судалгаа хийх, бодлогын дүн шинжилгээ хийх, дүгнэлт зөвлөмж боловсруулах мэдлэг, ур чадвартай байх; 

7.4.5.Харилцаа, менежментийн өндөр ур чадвартай, зохион байгуулалттай байх; 

7.4.6.Багаар ажиллах, асуудлыг цогцоор зохицуулах ур чадвартай байх;  

7.4.7.Монгол хэлний аман болон бичгийн өндөр  ур чадвартай байх.