ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм”-ыг таниулах зорилготойгоор Орхон аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд, тус аймгийн төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай болон Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал, Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороонд гомдол, мэдээлэл гаргах талаарх сургалт зохион байгууллаа.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хүний эрх хамгаалагч” хэлэлцүүлэг зохион байгуулж 100 гаруй хүүхдэд хүний эрх хамгаалагчийн талаар мэдлэг, ойлголт өгсөн юм. Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 28 багийн төлөөлөл 120 орчим иргэнд хүний эрхийн асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Aймгийн Хорооллын нэг цэгийн үйлчилгээний төв, Зэст, Говил баг, Залуучуудын ордонд иргэдэд хүний эрхийн болон хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Засаг дарга Б.Зоригтбаяр цаашид аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт хүний эрхийн дүн шинжилгээ хийлгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалахад Комисстой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.