Гомдол
ХЭҮК, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-тай хамтран ажиллана

ХЭҮК, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-тай хамтран ажиллана

2025.04.02 107
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Төслийн зохицуулагч Б.Баясгалан, Б.Ундрахбуян нартай жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж болон хариу үйлчилгээг сайжруулах, хохирогч төвтэй хандлага төлөвшүүлэхийн хэрэгцээ шаардлага, хамтын ажиллагааны тогтолцоог сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр өнөөдөр /2025.04.02/санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлсэн “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” нэгдүгээр төсөл ихээхэн үр нөлөө үзүүлснийг тодотгож, төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөнд талархал илэрхийлж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн зорилтот бүлгийн хүмүүс болох ахмад настан, хөдөөгийн малчин иргэд, охид эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх чиглэлд тууштай, өргөн цар хүрээтэй ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Харин Комиссын гишүүн Х.Мөнхзул “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.б-д зааснаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх илтгэлийг 2 жил тутам УИХ-д хэлэлцүүлэхээр заасан.

ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22, 23 дахь илтгэлд жендэрийн эрх тэгш байдлын талаар тусгайлан тусгаж, УИХ-аас холбогдох шийдвэр гаргуулсан нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгоход шат дараатай үр дүн гарч байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь цахим болон бодит орчинд аль алинд нь нөлөөлж буй учир уг асуудалд онцгой анхаарал хандуулж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, цаашид авч авах арга хэмжээний талаар тусгасан” гэдгийг тодотгон хэллээ.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийх, гэр бүлийн төрөлжсөн үйл шүүхийн үйл ажиллагааны загвар боловсруулах, шүүх эрх мэдэл, хууль сахиулах үйл ажиллагаанд хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг явуулын үйлчилгээний хамтарсан баг аймаг, орон нутагт ажиллахад ХЭҮК-оос дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтын үр дүнд ХЭҮК-ын жендэр, охид, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гишүүн Х.Мөнхзулыг төслийн Хорооны удирдах зөвлөлийн багийн гишүүнээр орж, зөвлөн туслахаар тогтлоо.

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” хоёрдугаар төсөл нь 2025-2030 оны хооронд хэрэгжих бөгөөд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн алба хаагчид болон эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл болон үйлчилгээ үзүүлэгчид, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид, даван туулагчид, эрсдэлт бүлгийн хүмүүс, ялангуяа алслагдсан хөдөө орон нутаг дахь малчин охид эмэгтэйчүүд төслийн үр шимийг хүртэж, хүний эрхийн хэрэгжилт дээшилнэ гэж төсөл хэрэгжүүлэгч байгууллага үзэж байгаа аж.