Гомдол
Иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилт, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар санал срлилцлоо

Иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилт, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар санал срлилцлоо

2025.04.02 60
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах нар Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын Хүний эрхийн хэлтсийн Дэд дарга хатагтай Николлета Пустерла, Дэд тэргүүн, Улс төр, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Кристоф Форакс, Хүний эрхийн хэлтсийн зөвлөх Доменика Бума нартай иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилт, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар өнөөдөр /2025.04.02/ санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ Европын холбоо нь Комиссоос хэрэгжүүлсэн Дэмжих бүлэг болон туслах малчныг чадавхжуулах төсөл, “Жагсаал, цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт цагдаагийн сургагч багш бэлтгэх сургалт болон технологиос үүдэлтэй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрт Комиссын албан хаагчдыг хамруулах, хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Хүний эрхийн Форум”-ыг дэмжиж ажиллах зэргээр хамтран ажилладаг талархал илэрхийллээ.

Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын Хүний эрхийн хэлтсийн Дэд дарга хатагтай Николлета Пустерла нь Монгол Улсын Гадаад харилцааны яам, Европын холбооны төлөөлөгчийн газраас зохион байгуулж байгаа “Монгол Улс-Европын холбооны хүний эрхийн яриа хэлэлцээ”-ний өмнө Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ.

Талууд Монгол улсын хүний эрхийн төлөв байдал, тэр дундаа иргэний болон улс төрийн эрхийн асуудал болох хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамгаалах, үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хамгаалах асуудлаар харилцан санал солилцлоо.

ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон түүний дагалдах хуулиудын загвар төслийн боловсруулан тусгаж, УИХ-д танилцуулсан.

Жагсаал, цуглааны үеэр хүний эрхийг хамгаалах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа хүний эрхэд суурилсан байх асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх зургаан удаагийн илтгэлд тусгайлан тусгасан бөгөөд энэ хүрээнд 30 гаруй санал, зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн байдаг.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөлд Комиссын дээрх санал, зөвлөмжийн 70 гаруй хувь тусгагдсан. Ингэснээр иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилтэд тодорхой ахиц гарна гэдэгт найдаж байгаагаа Комисс уулзалтын үеэр онцоллоо.