Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны 2025 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаан боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны 2025 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаан боллоо

2025.03.28 60
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны 2025 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаан боллоо (2025.03.07).
Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны 2025 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдааныг нээж, ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал, хөтөлбөрийг танилцууллаа.
Хөтөлбөр ёсоор хуралдааны эхэнд Хүний эрх хамгаалагчийн хороо, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн 2025 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал Хорооны гишүүдэд танилцуулав. 


Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Хорооны гишүүн Л.Баасанжав, Ц.Отгонтунгалаг, Э.Сундуй нар танилцуулж, Хорооны бусад гишүүдийн саналыг сонсож, хэлэлцүүллээ. Тус саналыг танилцуулсан Хорооны гишүүд хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм ажиллаж эхэлснээс хойш Хүний эрх хамгаалагчийн хороо хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүргээ хэрэгжүүлэхэд процессын шинжтэй зарим  нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай талаар 2024 оны ээлжит хуралдаанаар ярилцсаны дагуу  Хорооны хуралдаанд саналаа оруулж буйг тэмдэглэсэн юм.


Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо нь энэ хуулийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгах чиг үүргийг хэрэгжүүлдэг болно. 


Энэ хүрээнд хуульч, судлаач Р.Очирбал, Б.Энхцэцэг, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын ахлах судлаач Г.Доржтүвдэн нар Комисстой хамтран 2024 онд хийсэн “Өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал” социологийн судалгаа, өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчтай холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэг, маргааны шийдвэрт дүн шинжилгээ хийсэн ажлын үр дүнг танилцуулав. 


Үүний дараа Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал эдгээр судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан бичсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусгах “Өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал” бүлгийн агуулгыг саналын хамт Хорооны гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.