Complaint
Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат төлөөлөгч, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдийн саналыг сонслоо

Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат төлөөлөгч, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдийн саналыг сонслоо

2025.03.28 355
Listen

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн С.Дондов, Х.Мөнхзул, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат төлөөлөгч, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй өнөөдөр /2025.03.07/ уулзлаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2024 оноос уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү уулзалтаар хүний эрхийн үндэсний байгууллагаас хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, олон улсын хөгжлийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй хөтөлбөр арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцдог юм.

Энэ удаагийн уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Франц Улсаас Монгол Улс дахь Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жульен Пауперт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаленте, Засгийн газар хоорондын Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Одонтуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мүрг нар хүрэлцэн ирлээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2025-2026 онд иргэний болон улс төрийн эрхийг хамгаалах, эдийн засаг, нийгэм соёлын эрхэд ахиц гаргахыг дэмжих, зорилтот бүлгүүдийн эрхийг хамгаалах, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоог бэхжүүлэх болон бүс нутгийн түвшинд идэвх, санаачлагатай ажиллахаар зорьж байна.

Уулзалтад оролцогчид НҮБ-аас тодорхойлсон зорилтот бүлгийн эрхийг хамгаалахад ахиц гаргах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй хүний бэлгийн эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон цахим орчин дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар хамтран ажиллахаа илэрхийллээ.