Гомдол
Д.Сүнжид: Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшил, иргэдийн идэвх, оролцоо чухал

Д.Сүнжид: Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшил, иргэдийн идэвх, оролцоо чухал

2025.03.25 111
Сонсох

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.03.25/ Төрийн ордонд боллоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл”-өөс зохион байгуулсан тус арга хэмжээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ ХЭҮК нь хөдөлмөрлөх эрхийн асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 удаагийн илтгэлд тусгаж, УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн. 

Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг тусгаснаар төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байдлаар тодорхойлох, цалинг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг УИХ-аас Засгийн газарт даалгасан нь төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд ахиц гарсан гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл өглөө.

Комисс нь 2016-2024 онд хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй холбоотой 1282 гомдол хүлээн авч шийдвэрлэснээс үүний 51 хувийг ажлын байрны дарамттай холбоотой гомдол эзэлж байна.

Түүнчлэн Монгол Улсад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн бүх хэлбэр оршиж байгаа бөгөөд хүүхдүүд ажил, хөдөлмөр эрхэлснээр хичээлээс хоцрогдох, сургуулиас завсардах, нийгмийн амьдралаас тусгаарлагдах зэргээр хохирч байгааг тодотгосон юм.

ХЭҮК-оос Жендэрийн эрх тэгш, байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласны үр дүнд төрийн байгууллагууд үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилтийг жендэрийн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэдэг болсон ч улс төрийн болон гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ажлын байран дахь дарамт хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтыг арилгахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага байсаар байгааг мөн цохон тэмдэглэлээ.

ХЭҮК-ын 2021 онд хийсэн “Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн судалгааны тайлан”-д Ажлын байрны дарамт, хүчирхийллийг “хүний эрхийн зөрчил” гэж ойлгож байгаа ч түүнийг хөдөлмөрийн харилцааны бусад зөрчлөөс ялгадаггүй. Судалгаанд оролцсон 3 хүн тутмын 2 нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээс ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаар мэдээлэл авдаг гэж хариулсан. Ажил олгогч ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаар сургалт, мэдээллийг зохион байгуулж байгаа байдал хангалтгүй гэжээ.

Тиймээс “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл" сэдэвт сургалтын модуль боловсруулан ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, тэвчишгүй орчин үүсгэж буй нийтлэг тохиолдол, түүнийг зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг аймаг, нийслэлд зохион байгуулсан бол 2025 онд “Ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтын гарын авлага боловсруулан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаарх мэдээллийг өглөө.

Илтгэлийн төгсгөлд дараах асуудалд анхаарах нь зүйтэй гэлээ. Үүнд,

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй бүх хэлбэрийг устгах бодлого, түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлт болон хэрэгжилтийг хянах тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх. Төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах холбогдох хууль тогтоомжид зохих өөрчлөлтийг тусган хэрэгжилтийг хангах, ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангах. Ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт болон ажлын байрны бэлгийн дарамтын талаарх сургалтад албан хаагчдыг үе шаттай хамруулах, тусгайлсан сургалтын хөтөлбөр боловсруулах, хохирогч хамгаалах болон үйлчилгээ үзүүлэх механизмыг бий болгох, энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зэргээр хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангаж ажиллахад төр, хувийн хэвшил, иргэдийн идэвх, оролцоо чухал байна гэлээ.