Гомдол
ХЭҮК-ыг ахмад настны эрхийн хэрэгжилтийг хангахад манлайлж ажиллаж байна гэлээ

ХЭҮК-ыг ахмад настны эрхийн хэрэгжилтийг хангахад манлайлж ажиллаж байна гэлээ

2025.03.11 48
Сонсох

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58 дугаар чуулганаар Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны /ХЭҮБДХ/-ноос “Ахмад настны эрхийн асуудлаарх конвенцын үйл явцыг урагшлуулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт хавсарга арга хэмжээг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Словени, Гүрж, Филиппин БНСУ-ын Женев хот дахь НҮБ дахь Байнгын төлөөлөгчийн газруудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул нар оролцлоо. 

Арга хэмжээнд хүний ​​эрхийн үндэсний байгууллагууд (ХЭҮБ), НҮБ-ын байгууллагууд, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Ахмад настны эрхийн тухай хууль, эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх олон улсын конвенц яаралтай батлах шаардлагатай байгааг онцолж ярилцлаа.

Ингэхдээ ХЭҮБ-ын гүйцэтгэх үүрэг, олон талт үр дүнтэй хамтын ажиллагааны стратеги төлөвлөгөөг баталж, ирээдүйд конвенцын төслийг боловсруулахад хүртээмжтэй, оролцоотой хандлагын суурь зарчим болгох хэрэгцээ зэрэг өргөн хүрээтэй сэдвээр харилцан мэдээлэл хуваалцаж, санал солилцов.

Ахмад настны эрхийг хамгаалах чиглэлд ХЭҮК манлайлж ажиллаж байгаа бөгөөд Ахмадын эрхийн конвенцыг батлуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, бүс нутгийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ цаг үед Монгол Улсыг төлөөлж ХЭҮК уг арга хэмжээнд оролцож байгаа нь хүний ​​эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх, дэлхийн хэмжээнд ахмад настны нэр төр, эрхийг хамгаалах олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж буйн тод илрэл юм.