Гомдол
Комиссын гишүүний Шаардлагын дагуу шүүхийн шийдвэрийн цахим санд нээлттэй байршуулсан хүний хувийн мэдээллийг УСТГАЛАА

Комиссын гишүүний Шаардлагын дагуу шүүхийн шийдвэрийн цахим санд нээлттэй байршуулсан хүний хувийн мэдээллийг УСТГАЛАА

2023.12.20 984
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст иргэн А-гаас ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүүхдийн мөнгөн тэтгэмж тогтоож, тэжээн тэтгүүлэх шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэр нь Google.com вэб сайтаас “......” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд түс шүүхийн шийдвэр ямар нэгэн нууцлалгүйгээр бүрэн эхээрээ гарч ирж байгаа нь хувь хүний нууцаа хамгаалуулах эрхийг зөрчиж байна. ” гэх гомдлыг гаргасан.

Гомдлын дагуу холбогдох баримт, мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

1................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ......... оны ...... дугаар сарын ....-ний өдрийн ................. дугаартай шийдвэрээр иргэн ..............-гийн нэхэмжлэлтэй иргэн ............-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг цахим сан shuuh.mn-д иргэний хэргийн оролцогчдын ургийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн болон оршин суугаа хаяг зэргийг нийтэд нээлттэй байршуулсан байна.

З. Шүүхийн цахим санд байршуулсан зарим шийдвэрүүдийг санамсаргуй түүвэрлэн хянаж үзэхэд хэргийн оролцогчдын нэр, регистрийн дугаар, байгууллагуудын буртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүтнээр оруулсан байв.

Монгол Улсын Ундсэн хуулийн Арван зургадугаар зуйлийн 13 дахь хэсэгт ” ..Иргэний хувийн ба гэр бул, захидал харилцааны нууц, .... хуулиар хамгаална”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд ”Хэний ч нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно” гэж тус тус зааж, иргэдийн хувийн орон зай, нууцаа хамгаалуулах эрхийг баталгаажуулсан.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмуудыг тогтоосон.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дугээр зүйлийн 4.1.11 дэх заалтад ”хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл” байхаар тодорхойлж, хамгаалахаар зохицуулсан.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ”Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам батлах тухай” 39 дугээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дугээр зуйлийн 4.2.3 дахь заалтад ”гэр бүлийн маргаан, асран хамгаалагч тогтоох, хүүхэд үрчлэн авах, насанд хүрээгүй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бусад хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр байршуулахгүй”, 5 дугаар зуйлийн 5.2.1 дэх заалтад “шүүхийн шийдвэрт дурдсан хүн, хуулийн этгээдийн нэр, регистрийн болон улсын бүртгэлийн дугаар, оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, эд хөрөнгийн бүртгэлийн дугаар зэрэг мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон нууцлах” гэж тус тус заасан.

Дээрх баримт, нөхцөл байдал, хууль тогтоомжийг үндэслэн иргэн А болон бусад иргэдийн хувийн мэдээллийг шүүхийн цахим санд нээлттэй байршуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцаа хамгаалуулах эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн учир Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг таслан зогсоох, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг  2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн юм.

Комиссын гишүүний дээрх Шаардлагыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шийдвэрийн цахим санд нээлттэй байршуулсан 2012-2023 оны шүүхийн шийдвэрүүдийг нягтлан шалгаж, холбогдох хууль, журамд нийцүүлэн засварлаж, Комиссын гишүүний шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа талаарх хариуг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ХЭҮК-т ирүүллээ.