Гомдол
Орон нутгийн түвшинд хүний эрх хамгаалахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа

Орон нутгийн түвшинд хүний эрх хамгаалахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа

2023.12.13 575
Сонсох

Хүний эрхийн олон улсын өдөр, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тэмдэглэн "Хүний эрх хамгаалагчдын ээлжит V зөвлөгөөн"-ийг ХЭҮК, Глоб интернэшнл төв, Хүний хөгжил төв хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Улаанбаатар хот, 6 аймгийн 9 сумаас нийт 70 гаруй хүний эрх хамгаалагч оролцож, “Орон нутгийн түвшинд хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, дараах байр суурьд санал нэгдэж, зөвлөмж боловсрууллаа.

Тухайлбал, 

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон мэдэх эрхийн хүрээнд дараах асуудлыг шийдвэрлэх ёстой гэв. Үүнд,

1.   Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл, 19.11 дүгээр зүйл болон 21.9 дүгээр 1 дэх хэсгийг хүчингүй болгох

2.   Цахим хуудас, цахим контентыг зөвхөн шүүхийн шийдвэрээр хаах, хязгаарлах

3.   Төрийн нууцын жагсаалтыг зөвхөн хуулиар батлах

4.   Сэтгүүлчийн нууц эх сурвалж, шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомж батлах

5.   Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх 

ТӨРИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ     

•     Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, түүнийг тооцох аргачлал, үзүүлэлтүүдийн тэргүүлэх чиглэлийг тогтоож, батлан мөрдүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх

•     Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах Монгол Улсын амлалтыг хэрэгжүүлэхэд оролцох, үр дүнг нь хүртэх иргэддээ ойлголт, мэдлэг олгох нэгдсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулах

•     Тогтвортой хөгжлийн зорилго бүрийг хариуцсан, холбогдох салбарын яам нь хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлангаа жил бүр гаргаж, ил тод нээлттэй болгон хэлэлцүүлдэг байх

•     Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналтыг идэвхжүүлж, оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд ажилладаг иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг дэмжих, үйл ажиллагаа явуулах техникийн чадавхийг бэхжүүлэх, санхүүжилтийг төсөвлөх, гүйцэтгэлийг ил тод тайлагнадаг болох 

ТӨРИЙН ИНСТИТУЦИЙН ҮҮРЭГ

·        Үйл ажиллагааны үнэлгээний тайлангаа нийтэд ил тод болгох

·        Бодлого хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийх, төрийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд иргэний нийгмийг татан оролцуулах

·        Үндэсний болон орон нутаг, салбарын түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтээр олон талын оролцоотой хэлэлцүүлэг хийдэг байх

·        Холбогдох бүс нутаг, салбар, салбар хооронд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах олон талт механизм бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжуулах. 

Орон нутгийн түвшинд үүний дотор сум, багийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг хүний эрх хамгаалагчдын хууль, эрх зүйн мэдлэг хомс, улстөрчид, захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллага албан тушаалтны хүний эрх хамгаалагчийн талаар ойлголт дутмаг. Үүнээс улбаалж үл хүндлэх, үл ойшоох зэрэг эс үйлдэхүй гаргах. Бизнесийн болон төрийн албан хаагчдын хардалт, дайралт, халдлагад өртөх эрсдэл үүсдэг, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн нөөц хязгаарлагдмал, мэдээлэл авах эрх, мэдээлэлтэйгээр оролцох эрх зөрчигддөг, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хөгжих эрх, эрх чөлөөний хэрэгжилт хангалтгүй байгааг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.