Гомдол
Комиссын урилгаар Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн албаны дарга Рори Мунговен Монгол Улсад айлчилж байна

Комиссын урилгаар Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн албаны дарга Рори Мунговен Монгол Улсад айлчилж байна

2023.12.05 1229
Сонсох

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн албаны дарга Рори Мунговен нь Хүний эрхийн Үндэсний Комиссын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалын хугацаанд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдах “Хүний эрхийн Үндэсний форум”-д оролцож, ХЭДКГ-ын байр суурийг илэрхийлэхээс гадна хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг Монгол Улсад өргөжүүлэх зорилгоор хамтрагч байгууллагын хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлж, үнэлгээ хийх юм.

Энэ хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд нар НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн албаны дарга Рори Мунговен болон Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёо, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн зөвлөх Ч.Алтангэрэл нарыг өнөөдөр /2023.12.05/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум”-д оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөж, урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Ноён Рори Мунговен Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудаас гол тоглогчийн нэг гэдгийг онцолж, ХЭДКГ-аас Комиссын үйл ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Монгол Улсад НҮБ-ын Сургалт, судалгааны төв байгуулах тухай Комиссын санаачилга, Хүний эрх хамгаалагч, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмын үйл ажиллагааг түлхүү дэмжих төлөвлөгөөтэй байгааг танилцуулав.

Комиссоос Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг олон нийтэд таниулах нөлөөллийн ажлыг боломжит бүхий л сувгаар хүргэж байгааг дурдаад Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг бэхжүүлэх зорилгоор хүргүүлсэн төслийн саналыг дэмжсэнд талархал илэрхийлэн бүс нутаг дахь Хүний эрхийн үндэсний байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох, дэмжлэг үзүүлэх боломжтойг цохон тэмдэглэсэн юм. 

Түүнчлэн “Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөр-2”, “Хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах” судалгаа, “Хүний эрхийн Үндэсний индекс” боловсруулах ажил болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа хүний эрхэд суурилсан эсэхэд хийх дүн шинжилгээ, алба хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй сургалт, 2024 онд үндэсний хэмжээнд хийх “Технологи ба хүний эрх” нээлттэй хяналт шалгалт, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хийх мониторингийн талаар ярилцсан.

Мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмын үйл ажиллагааг өргөжүүлэх, илүү үр дүнд хүргэх олон улсын сайн туршлагын талаар талууд харилцан мэдээлэл хуваалцаж, мэдээлэл солилцлоо.