Гомдол
Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК-ын гишүүд Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид ажиллалаа

Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК-ын гишүүд Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид ажиллалаа

2023.11.30 665
Сонсох

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ажиллаж, цэргийн ангийн байр, гал тогоо, халуун усны газар, спорт заал, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж, бололцоо зэргийн нөхцөл байдлыг шалгаж, холбогдох баримт бичигт дүн шинжилгээ хийн, хугацаат цэргийн алба хаагчидтай ганцаарчилсан ярилцлага хийсэн бөгөөд шалгалтын урьдчилсан дүгнэлтийн УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан.

Энэ хүрээнд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Б.Энхболд нар Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь 2023 оны 11 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд танилцлаа.

Зэвсэгт хүчний цэргийн ангийн удирдлагуудын зүгээс, Монгол Улсын хэмжээнд цэргийн албанд татагдаж байгаа залуусын дийлэнх нь дэлгэцийн хамааралтай, бие бялдрын хөгжил сул, сэтгэл зүйн тогтворгүй байгааг онцлоод, сэтгэцийн хямралд орох, цэргийн албанаас шантрах, сургалт бэлтгэл, бие бялдрын хөгжлийн хичээл, дадлага, сургуулиас бэрхшээх, ёс суртахуун, харилцааны сөрөг нөлөөнд автах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгэл зүйч ажиллуулж байгааг онцолж байлаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа биеийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, сүрьеэ өвчин тусах, сэтгэц өөрчлөгдөх зэрэг асуудал нийтлэг тулгардаг тул цэргийн албанд татагдсанаас хойш сарын дараа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд оруулж, цэргийн албанд тэнцэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг тодотгосон юм.

Түүнчлэн сүүлийн 30 гаруй жил батлан хамгаалах салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, салбарын нийт төсвийн 90 орчим хувь нь урсгал зардалд зориулагдаж байгаагийн улмаас цэргийн ангиудын барилга хуучирсан, техникийн шинэчлэлт хоцрогдож байна гэлээ. Мөн цалин, хангамж болон бусад асуудлаас болж жилдээ 700-800 цэргийн албан хаагч хүсэлтээрээ чөлөөлөгдөж, бусад салбар руу шилжин ажиллах болсон нь батлан хамгаалах салбарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц асуудал болсныг анхаарах нь зүйтэй гэв.

Ангийн захирагчид нэн яаралтай цэргийн ангийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, стандартад нийцсэн байр, гал тогоо, соёл, спортын байгууламж шинээр барих, барилга байгууламжийн дээвэрт их засвар хийх, төвлөрсөн дулаанд холбох, сантехник шугам сүлжээг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт зэрэг нь батлан хамгаалах салбарын нэн тэргүүнд тулгамдсан асуудлын нэг болсныг тодотгож байлаа.