Гомдол
“Технологи ба хүний эрхийн сүлжээ” уулзалт зохион байгууллаа

“Технологи ба хүний эрхийн сүлжээ” уулзалт зохион байгууллаа

2023.11.23 693
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисстой технологи ба хүний эрх, хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар хамтран ажиллах экспертүүдийн сүлжээг бий болох зорилгоор хуульчид болон мэдээлэл, технологи, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулсан “Технологи ба хүний эрхийн сүлжээ” уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой Монгол Улсад тулгамдаж буй асуудал, технологи ба хүний эрхийн хүрээнд Комиссоос анхаарах асуудал зэрэгт салбарын төлөөллийн үгийг сонсож, санал солилцох, хамтран ажиллах зорилгоор зохион байгуулсан тус уулзалтыг Комиссын гишүүн Г.Нарантуяа нээж хэлсэн үгэндээ “Төрийн үйлчилгээг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, хүрэлцээтэй хүргэхэд технологи ашиглах нь олон давуу тал бий болгож байна. Гэвч технологийн дэвшлийг ашиглахдаа хүний эрхийг зөрчиж болзошгүй эрсдэлийг тооцоолж, хүний эрхийг хамгаалах зарчмуудад нийцүүлэх шаардлагатай.

Монгол Улс технологийн салбарт дүрэм зохиогч биш харин гадаад улсын технологи, тэдний хууль тогтоомжоор зохицуулагдаж буй платформ хэрэглэдэг жижиг тоглогч юм. Нэг үгээр хэлбэл, эдгээр дата мэдээллийг аль улсын үүлэн технологид хадгалах, цаашлаад нэг компанийн хүрээнд шийдвэрлэж чадах эсэхээс хамаарч Монгол Улсын иргэдийн хувийн мэдээлэл, үндэсний аюулгүй байдал зэрэг чухал асуудал хөндөгддөг.

Нөгөөтээгүүр, тодорхой төрлийн технологи нь техникийн үзүүлэлт, аюулгүй байдал, эрх зүйн зохицуулалт зэрэг тусгай мэдлэг шаардсан мэргэжилтний оролцоогүйгээр хөгжүүлэх боломжгүй. Тиймээс Комиссын хараат бус ажиллах шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах сүлжээ бий болгох зорилготой байна.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын “газрын тос” нь хүний хувийн мэдээлэл юм. Үүнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд бодлого, эрх зүйн өргөн хүрээтэй өөрчлөлт явагдаж байна. Монгол Улс ч үүнээс хоцролгүйгээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг Европын холбооны GDPR-ийн үндсэн зарчимд суурилан боловсруулж, баталсан.

Дээрх хууль батлагдсаны дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Комиссын нэг гишүүн хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг хариуцахаар болсон бөгөөд тус асуудлаар дагнасан 5 хүний орон тоотой нэгж байгуулагдсан. Одоогоор 3 албан хаагч ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад боловсон хүчин хязгаарлагдмал байгаа тул бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, салбар дундын уялдаа холбоог хангаж ажиллах стратеги барьж ажиллана” гэлээ. 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Дижитал информэйшн”, “Инфо Сек Плас”, “Секьюрзон”, “Тридум-Эсекьюрити”, “UB Cab”, Голомт банк, “MDS Khanlex” ХХН, “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” зэрэг хуулийн болон мэдээлэл технологийн салбарын төлөөлөл оролцсон уулзалтад оролцогчид хэд хэдэн чухал асуудлыг онцолсон.

Тухайлбал:

“Инфо Сек Плас” ХХК-ийн Технологи хариуцсан захирал, Н.Буянтогтох: “Хууль тогтоомж нь салбарын бусад хууль тогтоомжтой зөрчилддөг учир хэрэгжилтийг хангаж ажиллахад бэрхшээлтэй байна. Энэ бэрхшээл нь дижитал шилжилтийн хурдыг нь сааруулж байгааг анхаарах хэрэгтэй”.

“Дижитал информэйшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Б.Баясгалан: “Манай байгууллага ISO:27701 стандартаар баталгаажуулалт хийдэг. Энэ стандарт нь GDPR-т үндэслэсэн хүний хувийн мэдээллийг хамгаалах стандарт юм. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нь GDPR болон ISO:27701 стандартад тулгуурлаж, боловсруулсан нь харагддаг. Харилцаа холбооны компани, эрүүл мэнд, банкны сектор нь хүний хувийн мэдээллийг цуглуулж, хамгаалдаг. Тиймээс ISO:27701 стандарт хэрэгжүүлбэл одоо байгаагаасаа илүү хөгжих боломжтой. Манай байгууллага ISO:27701 стандартын 5 аудитор бэлдсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад стандарт чухал үүрэгтэй”.

“MDS Khanlex” ХХН-ийн Ахлах хуульч М.Ариунзул: “2023 онд 11 компанид хүний эрхийн магадлан шинжилгээ хийхэд хувийн мэдээлэл хамгаалах асуудлыг тусгасан. Хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар хариуцлага тодорхойгүй байна. Зөрчил гарсан тохиолдолд нэг удаагийн шинжтэй хариуцлага ногдуулахаар тусгасан. Зөрчлийн үйлдлийн давтамжийг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй. Жишээлбэл, ХХМХТ хуулиар журам батлаагүй бол хариуцлага ногдуулна гэсэн зохицуулалттай. Тэгвэл журам батлахгүй байгаад л байвал яах юм бэ. Энэ талын хариуцлага тооцох механизм тодорхойгүй” гэлээ.

ХЭҮК-оос зохион байгуулсан “Технологи ба хүний эрхийн сүлжээ” уулзалтаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хүний хувийн мэдээлэл хамгаалах чиглэлд тулгамдаж буй асуудлаа ярилцахын сацуу, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар ирээдүйд өгөх өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг сэдвээр санал солилцож, тодорхой цар хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.