Улсын Их Хурлын 2023 оны арван нэгдүгээр сарын 17-ны баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүйн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллийг сонслоо.

Зэвсэгт хүчний … дугаар ангид энэ сарын 13-ны өдөр байлдагч амь насаа алдсан хэргийн талаарх мэдээлэл авсан даруйд ХЭҮК-оос холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авч, тодруулж ажилласан бөгөөд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж байсан тулд тухайн хэрэг гарсан өдөр ... ангид ажиллах боломжгүй байсан. Харин маргааш нь буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр ХЭҮК-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний … дугаар ангид ажилласан талаар Комиссын дарга Ж.Хунан танилцууллаа.

Комиссын ажлын хэсэг ... ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын цэрэг татлагын үеийн нөхцөл байдлын талаар тодруулж, тухайн ангийн бие бүрэлдэхүүний хамрагдаж байсан эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нягталж, шалгасан.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ангийн нийт алба хаагч, байлдагч нарыг нэгдсэн журмаар эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг тус өдөр зохион байгуулсан бөгөөд ингэхдээ цэргийн ангийн удирдлагууд эрүүл мэндийн дэвтэр, холбогдох баримт бичгийг авч явсан учир тухайн үед танилцах боломжгүй байсныг танилцуулгын үеэр дурдав.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас камерын бичлэг, төхөөрөмжийг шалгахаар авч явсан учир камерын бичлэгийг шалгах боломжгүй байсныг мөн цохон тэмдэглэсэн юм.
Комиссын ажлын хэсэг хяналт шалгалтын үеэр тус ангид алба хааж хугацаат цэргийн албаны нийт байлдагчидтай ганцаарчилсан ярилцлагыг хоёр өдрийн турш хийсэн.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдын байр, эмнэлэг, спорт төв, гал тогоо, ариун цэвэр сахих байгууламжид хяналт, шалгалт хийж, Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагчид шаардлага хангахгүй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан гэх урьдчилсан дүгнэлт гаргасан талаар Ж.Хунан дарга мэдээллээ.
Ганцаарчилсан ярилцлагын үеэр хугацаат цэргийн алба хаагчид долоо хоногт нэг удаа усанд ордог, ариун цэвэр сахих боломжгүй байдаг, хоолны чанар муу байгаа талаарх саналыг олон давтамжтай хэлсэн байна. Камерын хяналт сул байдгаас байлдагчдын хувийн эд зүйлс алга болох тохиолдол цөөнгүй байдаг талаар дурдагдаж байсныг хэллээ.
Хяналт, шалгалтын үеэр хугацаат цэргийн алба хаагчид нийтдээ ханиад хүрсэн, ханиалгатай, уушгины хатгалгаа туссан байх магадлал өндөр байсан ч цөөн тооны эм өгөх төдийхнөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байсан нь Комиссын ажлын хэсгийн анхаарлыг татсан талаар мэдээлэлд дурдлаа.
Үүний зэрэгцээ оюутнуудыг цэрэгт татснаас үүдэн сургалтын төлбөрийн асуудалдаа санаа зовж буй талаараа цөөнгүй байлдагч хэлж байсныг дурдаад, анхаарах ёстой асуудал мөн хэмээн мэдээлэлд дурдсан юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хууль хяналтын байгууллагууд холбогдох ажиллагаа явуулж байгаа тул хяналт шалгалтын эцсийн дүгнэлт гаргаагүй бөгөөд холбогдох баримт, мэдээлэлтэй бүрэн танилцаж, нягталсны дараа эцсийн дүгнэлт гарч, зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно гэдгийг мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хугацаат цэргийн алба хаагчдын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа гомдол, мэдээлэл хүлээн авах тусгай суваг буюу 92050222 тусгай дугаарыг нээж, ажиллуулсан. Энэ сувгаар хугацаат цэргийн алба хаагчдын, энэ хүрээнд сүүлийн таван жилийн доторх мэдээлэл, гомдлыг хүлээн авч байгаа бөгөөд дөрвөн гомдол ирсэн гэдэг мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд хэлэв.
Үүний хоёр нь хугацаат цэргийн алба хаагчийн гомдол байсан аж. Суурь судалгааг тухайн жилдээ зэвсэгт хүчний 16 анги, байгууллагын 1500 орчим алба хаагчийг хамруулан хийсэн байна, мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн 126 кейс дээр түүвэр судалгаа хийжээ. Энэ судалгааг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлээр танилцуулсан бөгөөд энэ дагуу Улсын Их Хурал холбогдох тогтоолыг баталж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна.
УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг шалгах хүрээнд Зэвсэгт хүчний долоон ангид Хүний эрхийн Үндэсний Комисс ажилласан бөгөөд тухайн тогтоолд "Цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих"-ыг даалгасан ч хэрэгжилт хангалтгүй байгаа гэв.
Тухайлбал, ахуйн болон арын ажил, албыг хугацаат цэргийн алба хаагчдаар гүйцэтгүүлсээр байвал осол, эндэгдэл, золгүй тохиолдол гарах, амь насаа алдах эрсдэл буурахгүй гэдэг дүгнэлт гаргаснаа онцолсон.
Түүнчлэн хугацаат цэргийн алба хаах явцдаа эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амссан иргэдэд нөхөн төлбөр олгох, тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлагатайг мөн онцлож, Хүний эрхийн Үндэсний Комисс хугацаат цэргийн алба хаагчдын нөхцөл байдлын талаарх гурван удаагийн дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулж, тухай бүрд холбогдох арга хэмжээг авч ажилласан болохыг дурдав.
Улсын Их Хурлын 2022 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг Хүний эрхийн Үндэсний Комисс шалгаж, холбогдох анги нэгтгэлүүдэд зөвлөмж хүргүүлсэн гэдгээ хэлсэн. Түүнчлэн зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын төсвийг хүсэлт, саналынх нь дагуу хангалттай хуваарилах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгсөн.
2021 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгааны үеэр 126 кейс дээр нэг бүрчлэн ажилласан бөгөөд үүний 15 нь хугацаат цэргийн алба хаах үедээ амь насаа алдсан кейс байсан гэв. Үүний 4 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Тодруулбал, 1 хэрэг хэрэгсэхгүй болж, 3 хэрэгт 4 хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн гэдэг мэдээллийг Комиссын гишүүн Б.Энхболд гишүүн өгөв. Мөн нийт 126 кейсийн 67 нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний 44.5 хувь нь амиа хорлосон, золгүй тохиолдол байсан гэх зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байна.
Цэргийн анги, байгууллагын нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо хангалтгүй, хугацаат цэргийн алба хаагчидтай харилцах арга барил оновчгүй, амьдрах, байрлах нөхцөл шаардлага хангахгүй байгаа талаарх дүгнэлтийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд багтаасан гэдгээ ажлын хэсгээс байнгын хорооны хуралдааны үеэр цохон тэмдэглэлээ.