Хүний эрхийн Үндэсний Комисс иргэний нийгэм, хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай жилд хоёр удаа уулзалт зохион байгуулж түншлэлээ бэхжүүлэх, мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хүний эрхийн анхаарал татсан асуудлыг хөндөн ярилцдаг уламжлалтай.
Уламжлалт арга хэмжээ ковид-19 цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор хоёр жил гаруйн завсарласны дараа буюу өнөөдөр (2022.04.22) иргэний нийгмийн түншлэл ээлжит 19 дэх уулзалтыг зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд хийсэн онцлох ажлууд, цаг үеийн анхаарал татсан асуудал онцлог судалгаанууд болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэхь илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Комиссоос 2021 онд явуулсан судалгаа, Комиссын гишүүний санаачилгаар болон Комисст иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг 6 сэдвийн хүрээнд боловсруулан УИХ-д өргөн барьж, холбогдох шийдвэрийг гаргуулахаар 30 саналыг хүргүүлээд байгаа.
Уулзалтад оролцсон ХЭҮК-ын даргын үүргийг түр олон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, гишүүн Х.Мөнхзул, гишүүн Г.Нарантуяа, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Ахлах референт Х.Цэцгээ нарын тус бүртээ судалгаанд суурилан боловсруулсан илтгэлийн агуулгыг бүлэг тус бүрээр тоймлон хүргэснийг танилцуулбал:
Нэгдүгээр бүлэг. КОВИД-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг “КОВИД-19 цар тахал ба хүний эрх” сэдвээр боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлсэн билээ. Энэ удаагийн илтгэлд 2021 оны 04 дүгээр сараас хойш бий болсон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхийн хамт КОВИД-19 цар тахлыг туулж яваа Монгол Улсын туршлагаас хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаар авч үлдвэл зохих сургамжийг дүгнэн илтгэж байна. Коронавируст халдвараас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний үр дүн, дархлаажуулалттай холбоотой хүний эрхийн анхаарах асуудал, КОВИД-19 цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих арга хэмжээний үр дүн, иргэний, улс төрийн эрхийг хязгаарласан байдал, танхимын боловсролыг хязгаарлахын үр дагавар зэрэг хүний эрхийн үндсэн асуудлын зэрэгцээ нийтийн эрүүл мэндийн гамшигт байдлыг удирдах байгууллагуудын тогтолцоо, гамшгийн үед олон нийттэй харилцах, мэдээлэл түгээх төрийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээг танилцууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн ээлжит сонгуулийн үйл явцад мониторинг хийсэн бөгөөд товч үр дүнг мөн танилцуулж байна.
Хоёрдугаар бүлэг. Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан улс төр, эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр эрхлэлт, соёл, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн хүрээн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн баталгааны хэрэгжилт, нөхцөл байдал, асуудлыг тоймлолоо.
Энэ сэдвийн хүрээнд улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл, тэдний шийдвэр гаргах түвшин дэх оролцооны талаар хийсэн бодлогын судалгаа, ялангуяа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг оролцуулан хийсэн судалгааны дүн болон төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, хандлага, тархалтын байдалд хийсэн сүүлийн хоёр жилийн байдлаар харьцуулсан судалгааны дүн, түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүн, холбогдох байгууллагуудын мэдээлэлд тус тус үндэслэн энэхүү бүлгийг боловсруулав.
Гуравдугаар бүлэг. Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал
Энэхүү илтгэлийн хөдөлмөрлөх эрхийн бүлгийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тархалт, хэлбэр, шалтгаан, гомдол шийдвэрлэх боломжийг тандан мэдэх зорилгоор гүйцэтгэсэн хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэг, нөхцөл байдлын талаарх судалгааны дүн, Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах чиглэлээр конвенц, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хийсэн хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох чанарын судалгааны дүнг тус тус танилцуулна. Дээрх судалгаанд үндэслэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж, илэрч буй хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн түгээмэл хэлбэр, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, зөрчлийг таслан зогсоох, бодлогын болон хэрэгжилтийн түвшинд шийдвэрлэх саналыг томьёолж тусгав.
Дөрөвдүгээр бүлэг. Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх
Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах үндсэн бүтэц болох хамтарсан багууд, нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийсэн юм. Уг хяналт, үнэлгээнд 21 аймгийн 40 хамтарсан баг, 14 түр хамгаалах байр, 7 нэг цэгийн үйлчилгээний төвийг хамруулсан бөгөөд үнэлгээний товч үр дүнг гэр бүлийн хохирогчийг хамгаалахад тулгамдсан асуудлын талаарх дүгнэлтийн хамт илтгэлийн дөрөвдүгээр бүлэгт тусгалаа.
Тавдугаар бүлэг. Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ
Энэхүү бүлэгт цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдал, илэрч буй хэлбэр, түүний шалтгаан нөхцөлийг эрүүгийн хэргийн материал, социологийн судалгааны үр дүнд үндэслэн тодорхойлж, зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн байгууллагуудаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүрмийн бус харьцааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээнд дүн шинжилгээ хийн, хугацаат цэргийн алба хаагчийн бусад эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг судалж, гарч буй өөрчлөлтийг харьцуулан дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулав.
Зургаадугаар бүлэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ
Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүд болох эмнэлгийн барилга байгууламж, орчин нөхцөл, эмч, эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал зэрэг асуудлыг үнэлсэн юм. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Илтгэлийн зургаадугаар бүлэгт эдгээр хяналт шинжилгээ, шалгалтын үр дүнг хураангуйлан танилцуулсан болно.
Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж “Сэтгэлзүйн мэдрэмж” ТББ-ын тэргүүн Ч.Сэмжидмаа “Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний эрхийн асуудлыг эрүүдэн шүүхийн линзээр харах нь”, МЭХЭДХ-ны тэргүүн Ш.Ариунаа “Эмэгтэйчүүдйин хөдөлмөрлөх эрхийн асуудал”, “Их бага баяншарга сан” ТТБ-ын тэргүүн Л.Бор “Уул уурхай ба малчдын хүний эрхийн асуудал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


