Гомдол
Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

2022.05.17 419
Сонсох

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгуулагад жeндэрийн тэгш байдлыг хангахад төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, шинээр баталсан хууль хэрэглээ ба жeндэр хүний эрхийн мэдлэг чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Жендэр ба хүний эрх” сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

Уг сургалтад тус аймгийн 18 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, тосгоны захирагч нар хамрагдаж Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах нь, Жeндэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалт, Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Хүний эрх аюулгүй орчин зэрэг сэдвүүдээр сургалт өгч, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ.

Түүнчлэн Ажлын хэсэг аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулга, ЗООНОЗ өвчин судлалын төвийн ажилтай танилцаж, ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилт болон Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй уулзаж орон нутаг дахь хүний эрхийн тулгамдсан асуудлаар санал солилцлов.

Томилолт үргэлжлэх бөгөөд маргааш буюу 05 сарын 18-ны өдөр Төрийн тусгай чиг үүргийн байгууллага, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын удирдлагуудад “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгуулна.