Монгол Улс нь Номхон далайн барууун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт өндөртэй орнуудын долдугаарт жагсдаг бөгөөд 2021 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл өндөртэй 30 орны тоонд багтах болсон нь хүн амын дунд сүрьеэгийн халдвар идэвхтэй тархаж, өвчлөл буурахгүй байгааг харуулж байна гэдгийг албаныхан онцоллоо.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, ХӨСҮТ хамтран "Монголд сүрьеэг устгахад иргэний нийгмийн байгууллагын манлайлал" сэдэвт форумыг 2022 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр зохион байгууллаа.

Форумд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Н.Наранбат, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, Эрүүл мэндийн судалгааны удирдагч Ц.Базаррагчаа, Авсрали улс, Сүрьеэгийн хөтөлбөрийн анагаахын захирал, Мельбурнийн их сургуулийн профессор Жастин Денхолм зэрэг салбарын эрдэмтэн, судлаачид оролц.

Форумын үеэр ХЭҮК-ын дарга Ж.Хунан "Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Сүрьеэгээр өвчилсөн хүнийг ялгаварлан гадуурхах нь хүний эрхийн зөрчил гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас сүрьеэг устгах зорилго, зорилтыг НҮБ, ДЭМБ дэвшүүлэн тавьж Хүний эрх, тэгш эрхийн зарчмыг сүрьеэг устгах стратегид тодорхойлсон.
Үүнээс гадна өөр нэг чухал зарчим бол Төр, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт бид бүгдийн хамтын ажиллагаа юм. Хүн бүр аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид чанартай, хүртээмжтэй, хүрэлцээтэй, шуурхай, зохих эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Нэг ч хүний эрх зөрчигдөж эсвэл орхигдож болохгүй. Тийм учраас та бид хамтдаа сүрьеэг устгая, сүрьеэгээс улбаатай ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооё” хэмээн уриаллаа.
