Гомдол
Их, дээд сургууль болон ЕБС-ийн дотуур байрны нөхцөл байдлаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяртай САНАЛ СОЛИЛЦЛОО

Их, дээд сургууль болон ЕБС-ийн дотуур байрны нөхцөл байдлаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяртай САНАЛ СОЛИЛЦЛОО

2022.09.30 471
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярыг 2022 оны 09 дүгээр сарын 30-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Комиссын гишүүн Б.Сүнжид, Х.Мөнхзул, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын дарга Х.Тамир болон бусад албаны хүмүүс оролцлоо.

IMG_4153.JPG

Уулзалтаар ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн дотуур байрны нөхцөл байдал, дотуур байранд сууж буй сурагч, оюутнуудад тулгамдаж буй асуудал болон гадаадын их, дээд сургууль, коллежид суралцаж буй залуусын эрх зөрчигдөж буй эсэх зэрэг асуудлын хүрээнд санал солилцов.

IMG_4136.JPG

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн дотуур байрны орчин нөхцөл тааруу. Тулгамдаж буй асуудал их байна" гэдгийг онцоллоо.

Тэрбээр "Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хувьд төрөөс санхүүжилт авдаг учир орчин нөхцөл харьцангуй гайгүй. Гэсэн ч камержуулалт байршуулах, зарим сургуулийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах шаардлага бий. Гэвч цар тахлын улмаас улс орны эдийн засаг саарсан. Дагаад хэмнэлтийн горим мөрдөгдөж байгаагаас зарим авч хэрэгжүүлэх ажил хойш тавигдсан.

Гэвч салбар яамны зүгээс эл асуудлыг байнга уламжилж байгаа. Харин их, дээд сургуулийн дотуур байрны хувьд төрөөс ямар нэг дэмжлэг авдаггүй. Зөвхөн өөрсдийн дотоод үйл ажиллагааны зардал буюу жилийн түрээсийн төлбөрөөрөө урсгал зардлаа нөхдөг. Энэ утгаараа орчин нөхцөл тааруу. Зарим дотуур байруудад биеэ үнэлэлт, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл өндөр байгааг хууль сахиулах байгууллагаас бидэнд мэдэгдсэн" гэв.

Ташрамд дурдахад, ХЭҮК-оос "Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилт” судалгааг Монголд анх удаагаа хийж байна. ХЭҮК-оос уг үйл ажиллагаандаа МУИС, СУИС, АШУИС, ШУТИС, ХААИС зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 хүртэлх их, дээд сургууль болон Ховд, Завхан, Орхон, Дархан-Уул, Дорнод, Архангай аймаг дахь их, дээд сургуулийг хамруулаад байгаа юм.