Гомдол
Д.Сүнжид: Сэтгэл санааны хохирол барагдуулах асуудлыг шинэ түвшинд авч үзэх хэрэгтэй

Д.Сүнжид: Сэтгэл санааны хохирол барагдуулах асуудлыг шинэ түвшинд авч үзэх хэрэгтэй

2022.10.12 697
Сонсох

Бид эрх зүйн хүрээнд хохирогчид учирсан гэмтэл бэртэл, зэрэг нүдэнд харагдах зүйлсийг үнэлж тогтоох, хохирлыг барагдуулах боломжтой байдаг. Тэгвэл сэтгэл санааны хохирлыг барагдуулах хуулийн орчин бүрэлдсэн эсэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй талаар ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидийн Urug.mn сайтад өгсөн тодруулгыг хүргэж байна.

-Манай эрх зүйн орчинд хохирогчийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах зохицуулалт байдаг уу?

-Яг хууль тогтоомжийг харахаар гэм хорыг нэхэмжлэх эрх зүй гэж бий. Онолын хувьд шүү дээ. Хэрвээ эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирол учрах юм бол хохирлыг тооцох эрх зүйн зохицуулалт бүрэн бий. Хэдэн төгрөгийн эд материал хулгайд алдсан бэ гэх зэргээр. Гэм хорын дам үр дагавар гэж бий. Үүнд сэтгэл санааны асуудал гарч ирнэ. Эрүүгийн гэмт хэрэгт хор уршиг гэдэг зүйл яригддаг. Иргэний хэрэг дээр ч мөн гэм хорын нэхэмжлэл гэж бий. Бидэнд ямар асуудал тулгамдаж байна вэ гэхээр, Үндсэн хуулийн 19.1-т зааснаар хүний эрх, эрх чөлөө, баталгаажуулсан эрх чөлөө хохирох юм бол тэр хохирлыг нөхөн сэргээдэг тогтолцоо байхгүй байна. Энэ нь анхных нь байдалд оруулж чадахгүй бол мөнгөөр илэрхийлж, нөхөн төлүүлдэг тогтолцоо гэсэн үг. Үүнийг хангахад асуудалтай байгаа.

Тиймээс нэгдүгээрт, хууль, тогтоомжоо сайжруулах хэрэгтэй байна. Жишээлбэл, авто осол гарах үед автомашинаа үнэлүүлж хохирлын хэмжээгээ тогтоодог. Гэтэл санааны хохирлыг үнэлдэг тогтолцоо байхгүй. Одоо байгаа практик дээр гэм хорын нэхэмжлэл гаргалаа гэж бодоход ямар хохирол гарснаа нотлох баримтаар цуглуулж, шүүхийн өмнө танилцуулж, зардлаа нөхөн төлүүлнэ гэдэг зарчим бий. Энэ нь хохирлын нөхөн сэргээх тогтолцоонд үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байгаа.

-Сэтгэл санааны хохирлыг яаж үнэлдэг юм бэ. Та бидэнд бусад орны жишээг ярьж өгөөч?

-Энэ бол шинэ ойлголт биш. Хүн хохироход зөвхөн эрүүл мэнд, эд зүйл яригдахгүй. Сэтгэл санаанд өөрчлөлт орж, муу үр дагаварууд үүсдэг. Үүнийг хүлээн зөвшөөрчихсөн. Сэтгэл санааны хохирлыг үнэлэх хэд хэдэн аргачлал бий. Зарим газарт сэтгэл санааны суурь үнэлэмжийг тогтоочихсон байдаг. Бие махбодийн гэмтлийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гээд тогтоодог бол сэтгэл санааны хохирлыг үүн шиг үнэлж болно гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хохирогчийн сэтгэл санааг засахад хэр хугацаа хэрэгтэй, ямар эмчилгээ шаардлагатай зэргээр нь тогтоож болно гэсэн үг.

Бид хохирогч төвтэй үйл ажиллагаа хийхгүй болохоор хүний эрх сэргээх зарчим алдагдаад байна. Гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ хохирогчийн эрхийг сэргээхэд чухал анхаарах ёстой. Сэргээж болохгүй эрх гэж бий. Ийм үед нөхөн төлбөр олгох ёстой. Өнөөдрийн байдлаар эрх зүйн хувьд хохирогчийнхоо эрхийг бүрэн дүүрэн сэргээж чадахгүй байна. Сэргээж чадахгүй байгааг бүгд мэдэж байгаа. Гол нь үүнийг шийдэх алхам хэрэгтэй. Сэтгэл санааны хохирлыг тогтоох хэрэгтэй.

Эрүүгийн хэрэг дээр хор уршгийг тогтоох асуудал яригддаг. Гэхдээ хэрэглээний практик дээр энэ нь ямар ч үр дүнгүй байх нь бий . Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл дээр сэтгэл санааны үнэлгээ хийх боломжгүй байдаг. Ингээд тусдаа иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Үүн дээр сэтгэл санааны биш хөдөлмөрлөх боломжгүй болсон гэх мэт хохирлын нэхэмжлэл үүсчихдэг. Зөвхөн хуульд заасан бол гэм хорыг нэхэмжлээрэй гэчхэж байгаа юм. Иргэний хууль дээр нэр төр, алдар хүндээр сэтгэл санааны хохирлыг хязгаарладаг. Одоогийн жишигт сайн өмгөөлөгчтэй бол сэтгэл санааны нөхөн төлбөрт арван сая төгрөг гаргуулж авч чадна гэдэг жишиг тогтоод байна. Нотлох баримт цуглуулна гэхээр зөвхөн авсан эм, оношилгооны төлбөр гэх мэтчилэн зүйлсээр хязгаарлагдаад байгаа юм. Тэгэхээр нэгдүгээр байгаа хууль тогтоомжоо сайжруулах хэрэгцээ байна. Хоёрдугаарт хэрэглээ байна.

-Манай эрх зүйн байдал хохирогийн эрх сэргээх асуудлаа хойш тавьдаг талаар хэлж байна шүү дээ. Энэ талаар тодруулаач?

-Бид өнгөрсөн хугацаанд яллах талдаа илүү анхаарч хууль батлаж ирсэн. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ зоосны нөгөө тал хохирогчийн эрхийг сэргээх асуудал. Үүнийг мартаж болохгүй. Статистик судалгаа, дүн шинжилгээ, шүүхийн шийдвэр зэргээс зоосны нэг талаа орхигдуулсан байдал харагддаг. Сэтгэл санааны хохирлыг шинэ түвшинд авч үзэхгүй юм бол хохирогчийн эрх сэргээх тогтолцоонд ахиц дэвшил гарахгүй. Өнгөрсөн 2021 оны 12 дугаар сард ХЭҮК-ын форумын үеэр хүний эрхийг хангах тогтолцоо хаана алдагдаж байгаа талаар ярилцсан. Үүнд сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал, тогтолцоо хэрэгтэй байгааг хэлэлцсэн. Эндээс даатгалын систем, хохирлыг нөхөн төлүүлэх сангийн асуудал хөндөгдөх боломжтой. Энэ талаар яаманд санал хүргүүлсэн.

-Сэтгэл санааны хохиролыг бид яагаад барагдуулах шаардлагатай вэ?

-Сэтгэл санааны хохирол бол бүх зүйлд нөлөөлдөг. Амьдралд хэвийн оролцож чадахгүй болно. Өөрийгөө тусгаарладаг. Цаашлаад амиа хорлох бодол тээж депресс, стресст орж байдаг. Тиймээс сэтгэл санааны асуудлыг авч үзэхээс өөр аргагүй болсон.