Гомдол
Х.Мөнхзул: Охидын эрхийг хамгаалах нь бид бүгдээрээ хамтран анхаарлаа хандуулах ёстой асуудал юм

Х.Мөнхзул: Охидын эрхийг хамгаалах нь бид бүгдээрээ хамтран анхаарлаа хандуулах ёстой асуудал юм

2022.10.12 383
Сонсох

“Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын 330 сум дахь Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “Нандин” хайрцгийг байршуулж эхэллээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан уг арга хэмжээний өнөөдөр /2022.10.12/ Төрийн ордонд болсон нээлтэд аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл болсон 1000 охид, хөвгүүн болон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын дарга Г.Батдорж, ХСҮТ-ын захирал Ц.Эрдэнэхүү, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, энэхүү “Нандин” арга хэмжээнд оролцож буй эрхэм хүндэт хүүхдүүд, зочин төлөөлөгч, зохион байгуулагч та бүхний энэ өдрийн амгаланг эрж мэндчилье. Охидын эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Сарын тэмдгийн эрүүл ахуйг сахих боломжтой байх” асуудлаар “Нандин” арга хэмжээг зохион байгуулж буйд хүний эрхийн үндэсний Комиссын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж буйгаа илэрхийлье.

2012 оноос эхлэн Охидын эрхийг хамгаалах Олон Улсын өдөр, 2014 оноос эхлэн Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдөртэй болсонтой холбогдуулан охидын сарын тэмдгийн эрүүл ахуйтай холбоотой асуудлыг дэлхийн хэмжээнд өргөн хүрээнд ярих болсон. Сарын тэмдэгтэй холбоотой нийгмийн нийтлэг хандлага нь эмэгтэйчүүд, охидын хүний эрх, жендэрийн тэгш байдал хэрхэн хэрэгжиж байгаагийн тусгал байдаг. Сарын тэмдгийн ариун цэвэр сахих, усанд орох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй нөхцөлд амьдрах, хүртээмжтэй ариун цэврийн хэрэглэлээр хангагдахгүй байхаас үүдэж охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндэд олон сөрөг үр дагаварыг авчирч байна.

2015 онд “Нийгмийн ажлын хөгжлийн төв” ТББ-аас хийсэн судалгаагаар сургууль дээрээ байх үед сарын тэмдэг нь ирсэн охидод эрүүл ахуй, ариун цэвэр болон сэтгэл санааны хувьд олон хүндрэлтэй асуудалтай тулгардаг болох нь тогтоогдсон байна. Тухайлбал, бусдаас ичиж зовох, хөвгүүдэд шоолуулахаас айх, тавгүй байдалд орох, ангийнхаа бусад хүүхдээс зай барих, хичээлээс анхаарал нь сарних, сарын тэмдгийн үед ариун цэврээ сахих хувийн орон зай бүхий аюулгүй ариун цэврийн байгууламж дутагдах зэрэг бэрхшээл тулгардаг байна. Үүний улмаас охидын хичээл болон сургуулийн үйл ажиллагаанд оролцох идэвх нь илт буурах, цаашлаад хичээл таслах явдал нэлээд гардаг бөгөөд энэ нь тэдний сурлагын амжилтад төдийгүй бие махбод, сэтгэл санааны байдалд таагүй нөлөө үзүүлдэг байна.

Ялангуяа хөдөө орон нутаг ба хотын захын гэр хороололд усан хангамж, халуун усны газрын хүртээмж тааруу, дотуур байранд эсвэл айлд амьдардаг охидод эцэг, эхийн халамж, анхаарал дутдаг зэрэг нийгэм болон орчны сөрөг хүчин зүйлс нь дээрх бэрхшээлүүд үүсэхэд нөлөөлж байна. Түүнээс гадна гэр бүл болон сургуулийн орчинд охидод үзүүлэх нийгэм-сэтгэлзүйн болон биет дэмжлэгийн чанар, хүртээмж хангалтгүй, ойролцоох дэлгүүрүүд дэх ариун цэврийн хэрэгслийн үнэ өртөг, хүртээмжийн асуудал зэрэг бусад хүчин зүйлс ч нөлөөтэй байна.

ХЭҮК-оос 2018 онд “Өсвөр насны охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал” баримтын судалгааг хийсэн. Уг судалгаагаар сарын тэмдгийн эрүүл ахуйтай холбоотой охидын мэдлэг, мэдээллийг сайжруулах, охидыг сарын тэмдгээ зохицуулах дадалд сургах, түүнчлэн энэ талаарх мэдлэгийг хөвгүүдэд, мөн эцэг, эхчүүд, эмч, багш нарт өгөх замаар охидод дэмжлэгт орчин бүрдүүлэхэд анхаарах, сургуулийн эмч болон сургуулийн нийгмийн ажилтнуудын оролцоотой сарын тэмдэгтэй холбоотой асуудлаар тогтмол зөвлөгөө өгдөг, сургалт явуулдаг байх, ариун цэврийн байгууламжийн орчныг сайжруулах, сургуулийн орчинд ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжийг сайжруулах зэрэг зөвлөмжийг өгсөн нь одоог ч ач холбогдолтой, хэрэгжүүлэх шаардлагатай хэвээр байна.

Мөн нөхөн үржихүйн эрхийн асуудлаар анхаарал татаж буй нэг асуудал охидын үзлэгтэй холбоотой асуудал байна. Манай зарим аймаг, орон нутагт ерөнхий боловсролын сургуулиас “Охидын үзлэг”-ийг зохион байгуулж байгаа тохиолдол гарсаар байгаа төдийгүй 2020 онд хийгдсэн “Охидын дуу хоолой” судалгаанд хамрагдсан охидын 72.2 нь үзлэгт оруулахдаа огт зөвшөөрөл аваагүй, 46.4 хувь нь гэнэт үзлэгт оруулсан буюу үзлэгт оруулах талаар урьдчилж ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэж хариулсан байна. Ялангуяа Охидын үзлэгээс үүдэн өсвөр насныхны эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөж, хүүхдийн хувийн нууц мэдээлэл задарсан нөхцөлд сургуульд суралцах боломжгүй болж сургууль завсардах, шилжих, сургууль, гэр бүлийнхээ орчинд гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтад өртдөг байна. Иймд үүнийг таслан зогсоохоор Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон сургуулийн удирдлагад өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Өчигдөр БШУЯ охидын үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүйг албан ёсоор зарласан нь сайшаалтай үйл ажиллагаа болсон.

Мөн Эмэгтэй болж төрснөөрөө охид хоёр дахин илүү бэрхшээлтэй нүүр тулж ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн золиос болж байна. 2021 оны статистик мэдээллээр манай улсад 10-19 насны 266 549 охид байгаа бөгөөд 2019-2021 онд 636 хүүхэд буюу жилд дунджаар 200 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна .

Өсвөр насандаа жирэмсэлж хүүхэд төрүүлэх нь охидын хувьд эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн болон эдийн засгийн олон бэрхшээлтэй асуудлуудыг дагуулж байгаа хэдий ч ойр дотныхон нь буруутгадагаас давхар давхар ялгаварлан гадуурхалтанд өртөж байна. Эцэг эх, төрөл садан, багш, эмч, найз нөхдийн зүгээс хүсээгүй доромжлол, дээрэлхэлтэд өртдөгөөс гадна төрүүлсэн хүүхдийнх нь ч эсрэг үзэн ядалтууд нь сэтгэл зүйн гүн цочрол руу түлхдэг байна. Тэд бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирсон охид хүүхдээ ч хэрхэн асарч хүн болгохыг мэдэхгүй, цаашид амьдрах итгэлээ ч алдаж өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлаж буй жишээ их байна.

Ажил эрхлэх боломжгүй учир орлогогүй, улмаар ядууралд өртөж өөрөө болон хүүхэд нь хоол тэжээлийн дутагдалд орох, наад захын хэрэглээгээ хангаж чадахгүй байдаг гээд тэдэнд тохиолддог олон бэрхшээлүүд үүсэж байна.

Төрөөс энэ тохиолдолд онцгойлон анхаарал хандуулах, өсвөр насны хүн амын дунд аюулгүй бэлгийн харилцааны талаарх зөв дадал эзэмшүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Мөн НҮБ-ын хүний эрхийн хороо, гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэнд төрөөс анхаарлаа нэн тэргүүнд хандуулж, бодлого төлөвлөгөөндөө тусгах нь зүйтэй байна. Тухайлбал (ЭЯГБХУТК)- Хорооноос “жирэмсэн охидыг сургуульд нь үргэлжлүүлэн суралцуулах, залуу эхчүүдийг төрснийх нь дараа буцаан нийгэмшүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх” тухай зөвлөмжийг манай улсад ирүүлжээ. Харамсалтай нь төрөөс дээрх зөвлөмжийн дагуу дорвитой арга хэмжээ авсан жишээ харагдахгүй байгаа нь сургууль завсардсан өсвөр насны эхчүүдийн тооноос харагдаж байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод мэргэжлийн олон талт үйлчилгээ үзүүлэх, тэднийг урт хугацаанд нөхөн сэргээх, хүчирхийллийг даван туулагч болгох зорилгоор чадавхжуулах үйлчилгээнүүд маш чухал байна. Комиссоос НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуультай хамтран “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” цагдаагийн алба хаагчдад зориулсан гарын авлагыг энэ онд гаргаад холбогдох мэргэжилтнүүдийг сургасан.

Цаашид хохирогчийг нөхөн сэргээх, хамгаалах, туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг ТББ-тай гэрээлэн гүйцэтгүүлэх асуудал бас чухал байна. Мөн бүх төрлийн хүчирхийллийн эсрэг хөвгүүд, эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарах, хүчирхийлэл үйлдэхгүй байх зөв зан үйл төлөвшүүлэх олон талт арга замуудыг эрэлхийлэх нь зүйтэй байна.

Бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар төрийн хяналт сул байна. Тухайлбал хувийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа үр хөндөлтийн талаарх статистик бүртгэл мэдээлэлд хэрхэн хяналт шалгалт тавьдаг нь тодорхойгүй, хувийн эмнэлгүүд үр хөндөлтийн талаарх үнэн бодит мэдээллээ тайлагнадаг эсэх нь эргэлзээтэй асуудлууд байсаар байна. Мөн үр зулбуулах эмийн хэрэглээ өндөр, байгаад төр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Тухайлбал улсын хэмжээнд жилд хэдэн ширхэг үр зулбуулах эм худалдагддаг, тэдгээрийн хэдэн хувийн өсвөр насны охид хэрэглэсэн эсэх, түүнчлэн эмийн гаж нөлөөнөөс болж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн хэдэн хувь нь охид болох, тэд хэрхэн хохирсон талаарх мэдээлэл байхгүй хэвээр байна.

Иймд бэлгийн болон нөхөн үржихүйн асуудалтай холбоотой төрийн хяналтыг шат шатандаа сайжруулах шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд Охидын эрхийг хамгаалах нь зөвхөн тухайн чиглэлээр ажилладаг байгууллага юмуу, хүний эрхийн байгууллагууд эсхүл охидын эрх ноцтойгоор зөрчигдөж буй улс орнуудын асуудал биш юм. Охидын эрхийг хамгаалах нь бидэнд бүгдэд хамаатай эцэг эх, хэн бүгдийн хамтран анхаарлаа хандуулах ёстой асуудал юм” гэлээ.