Гомдол
Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах чиглэлд ХЭҮК, ЦХХХ-ны яам хамтарч ажиллахаар боллоо

Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах чиглэлд ХЭҮК, ЦХХХ-ны яам хамтарч ажиллахаар боллоо

2022.10.25 435
Сонсох

Цахим хөгжлийг дэмжих багц хууль энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал 10 дугаар сарын 25-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал эрхэлсэн гишүүн Г.Нарантуяа, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

viber_image_2022-10-25_17-41-06-088.jpg

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан ХЭҮК-ын чиг үүрэг болон Комиссоос хүний эрхийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулж, цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хөхүлэн дэмжих, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг сурталчилж ажиллах тал дээр талууд хамтарч ажиллах шаардлагатай байгааг дурдаад "Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хувь хүний мэдээллийг хамгаалахтай холбоотой есөн гомдол ирсэн.

viber_image_2022-10-25_17-41-09-597.jpg

Эдгээрээс найман гомдлыг нь шалгаж үзээд дөрвөн гомдлын хариуд шаардлага, хоёрт нь зөвлөмж хүргүүлсэн. Эндээс харахад, хууль сурталчлах ажил дутмаг байна. Нөгөө талаасаа тухайн эрх бүхий албан тушаалтнууд хуулийн мэдлэг, мэдээлэл тааруу байгаагаас хүний эрхийн зөрчил гарсаар байна" гэлээ.

viber_image_2022-10-25_17-40-59-455.jpg

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Цахим шилжилт бүтээмжийг дээшлүүлдэг сайн талтай ч нөгөө талд хүний эрх зөрчигдөх сөрөг тал байдаг. Тиймээс хүний эрхийг зөрчиж болохгүй гэдэг ойлголтыг ямар ч үед орхигдуулж болохгүй. Хуулийн хэрэгжилтийн тал дээр ХЭҮК-той нягт хамтарч ажиллах ёстой" гэдгийг онцоллоо.

viber_image_2022-10-25_17-51-52-013.jpg

Уулзалтаар

  1. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан журмуудын төслийг батлах
  2. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, энэ хүрээнд: Цахим орчинд хувь хүн өөрийн хувийн мэдээллийг нууцлах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил зэрэг зорилтот бүлгүүдийг тодорхойлж, холбогдох сургалтыг зохион байгуулах, олон нийтийг мэдээллээр хангах аян өрнүүлэх
  3. Цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, санал боловсруулах, энэ хүрээнд: Монгол Улсын хэмжээнд цахим орчинд хүний эрх зөрчигдөж байгаа гэмт хэргийн гаралт, хүний эрх зөрчигдсөн талаарх нэгдсэн статистик тоо, баримт бүхий суурь судалгааг хийж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар боллоо.

viber_image_2022-10-25_17-41-12-476.jpg

viber_image_2022-10-25_17-41-15-537.jpg

viber_image_2022-10-25_17-41-34-087.jpg