Complaint
Г.Агар-Эрдэнэ: “Хууль сахиулах үйл ажиллагаа цагдаагийн алба хаагчдаас хүний эрхийн өндөр мэдлэг, мэдрэмжийг шаарддаг”

Г.Агар-Эрдэнэ: “Хууль сахиулах үйл ажиллагаа цагдаагийн алба хаагчдаас хүний эрхийн өндөр мэдлэг, мэдрэмжийг шаарддаг”

2020.08.27 343
Listen

ХЭҮК болон ЦЕГ нь өнгөрсөн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хүний эрхийн боловсролыг түгээх олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ хугацааны хамтын ажиллагааны үр дүн, цаашдын ажлын талаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.

-ХЭҮК, ЦЕГ газар өнгөрсөн хугацаанд хүний эрхийн боловсролыг түгээх чиглэлээр олон үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа. Энэ талаар онцолж яриагаа эхлэе?

-Хүний эрхийг сахин хамгаалах үйлсийн халуун цэг дээр ажилладагийн хувьд хүний эрхийн үндэсний байгууллага болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа маш чухал.

Нөгөө талдаа хууль сахиулах аливаа үйл ажиллагаа цагдаагийн алба хаагчдаас хүний эрхийн өндөр мэдлэг, мэдрэмж шаарддаг.

НҮБ-ын ХЭДКГ-аас өгсөн зөвлөмжид цагдаагийн байгууллагад ажиллагсдыг анх ажилд ороход нь болон түүнээс хойш тогтмол хүний эрхийн сургалтад хамруулж байх ёстойг дурдсан байдаг.

Манай байгууллана сүүлийн 3 жилийн хугацаанд ерөнхий газар, газар, хэлтсийн алба хаагчдад зориулсан сургалтыг 120 гаруй удаа зохион байгуулж, 1,700 гаруй алба хаагчдыг хамруулсан байдаг.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад дотоодод нь хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2 удаа зохион байгуулаад байна. Цагдаагийн алба хаагч өөрөө хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдчихсэн тохиолдолд хамтран ажиллагсаддаа тогтмол сургалт хийх боломж бүрдэж, цаашдаа хүний эрхэд суурилсан хандлагаар ажиллахад ахиц дэвшил гарна гэж итгэдэг.

Өнгөрсөн жил Мөрдөн байцаах албаныхан алба хаагчдаасаа хүний эрхийн асуудлаар сорилын шалгалт авсан нь боломжийн санаачлага байсан гэж боддог. ХЭҮК-оос уг сорилын шалгалтыг бэлтгэхэд нь хамтарч, уншиж судлах эх сурвалжаар хангаж ажилласан үр дүнтэй ажил болсон.

– Цагдаагийн алба хаагчид хүний эрхийн ямар асуудал дээр голлон анхаарч, мэдрэмжтэй ажиллах шаардлагатай вэ?

Хүний эрхийн салбар, хүрээ маш өргөн учраас хууль сахиулагчдаас тэр хэрээр өндөр хариуцлага шаарддаг. Тодорхой төрлийн үйл ажиллагаанд, тухайлбал мөрдөн шалгах ажиллагаа, баривчлах, цагдан хорих, хүч болон галт зэвсэг хэрэглэх, насанд хүрээгүй, эсхүл эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллахдаа анхаарах хүний эрхийн асуудлууд олон. Энэ бүгдийн урьдач нөхцөл нь нэн тэргүүнд хүний эрхийн үндсэн зарчмуудыг мэддэг байхаас эхлэх байх. Цаашлаад олон улсын хүний эрхийн гэрээ, стандартыг үйл ажиллагаандаа түлхүү ашигладаг болвол хүний эрхийн зөрчил гарах нь багасна.

-Заримаас нь жишээ болговол?

Жишээ нь, ямар нэгэн байдлаар хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй байх нь хүний эрхийн суурь зарчмын нэг. Цагдаагийн алба хаагч нийгмийг хамгаалж, түүнд үйлчлэхдээ нийгмийн байдал, арьс үндэс, жендэр, шашин, хэл, арьсны өнгө, улс төрийн байр суурь, үндэс угсаа, өмч хөрөнгө зэргээр нь хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй. Манайд мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдыг ялгаварлаж, ялгаатай харилцсан талаарх гомдол мэдээлэл ирдэг. Мөрдөн шалгах ажиллагааны туршид хэнийг ч гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдох хүртэл гэм буруугүйд тооцох зарчим үйлчлэх ёстой. Тэгвэл хэргийг нь шалгаж буй мөрдөгч сэжигтэн, яллагдагчийг “Чи гэмт хэрэгтэн, энэ хэргийг чи үйлдсэн” гэж шууд тулгах нь нэр хүндэд нь халдаж, хүнлэг бус, зүй бусаар харьцаж буй хэлбэрээс гадна ялгаварлан гадуурхалтын өнгө аясыг давхар илэрхийлж байна гэсэн үг. Иймд мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагааг алба хаагчдад тогтмол хийх нь чухал юм.

-Сая дурдсан хүний эрхийн мэдрэмж шаардсан ажлыг нэг мөр зөв хийхэд хоёр байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг ярилцлагын эхэнд хөндөж байсан. Цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна?

2020 онд бид ЦЕГ-тай хүний эрхийн боловсролын хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөгөө батлаад явж байна. Тухайлбал өмнө бэлтгэгдсэн сургагч багш нараа давтан сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Уг нь 1-р улиралдаа багтаан сургалтаа хийх байсан ч Ковид-19 цар тахлын улмаас сургалт маань хойшилчихлоо.

Ингээд ойрын хугацаанд сургалтыг цахим хэлбэрээр хийж, танай алба хаагчдыг хамруулахаар харилцан төлөвлөөд явж байна. Мөн манайхаас тогтмол зохион байгуулдаг “Хүний эрхийн өглөөний уулзалт”, цуврал лекцүүдэд цагдаагийн алба хаагчдыг оролцуулах, “Хүний эрх” сэтгүүлд танай алба хаагчдын хүний эрхийн асуудлаар бичсэн өгүүлэл, нийтлэлийг хэвлүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн. Цаашид хүний эрхийн чиглэлээр хамтарсан аян өрнүүлэх, зорилтот шторк бэлтгэж нийтэд түгээх зэргээр ажиллах боломжтой.

Бусад чиглэлээр хүний эрх зөрчигдөж болзошгүй зарим обьектуудад хамтарсан хяналт шалгалт хийх, хүүхдийн эрхийн асуудлаар ажиллах гэх мэт ажлуудыг төлөвлөсөн.

-Ярилцсанд баярлалаа.

Та бүхний хүний эрхийг сахин хамгаалах үйлсэд амжилт хүсье.

Ярилцсан

Цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

“Цагдаа” сэтгүүлийн 2020 оны 01 (138) дүгээр дугаарт нийтлэгдсэн.