Complaint

Шударгаар шүүлгэх эрх

“Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 10 дугаар зүйлийн 1 дэх заалт) “...Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “...шударга шүүхээр шүүлгэх,... эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт) Шударгаар шүүлгэх эрх болон шударга шүүхээр шүүлгэх эрх нь нэг ойлголт бөгөөд олон улсын гэрээ, пактуудад "шударгаар шүүлгэх эрх", харин Монгол Улсын Үндсэн хуульд "шударга шүүхээр шүүлгэх эрх" хэмээн тодорхойлжээ. Шударга шүүхээр шүүлгэх эрх нь шүүх ажиллагаа шударга байх, хуулийн дагуу байгуулагдсан, бүрэн эрх бүхий шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх үндсэн эрх болно. Тодруулбал, энэхүү эрх нь хувь хүнийг шударга бусаар яллах, шийтгэхээс хамгаалах урьдач нөхцөл болдог. Аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүх нь юун түрүүнд, эрх мэдэл бүхий, бие даасан, хараат бус, хамгийн гол нь хуулийн дагуу байгуулагдсан байх шаардлагатай. Энэ нь өөрөө шүүхийн шударга үйл ажиллагааны баталгаа болдог. Ийм ч учраас бие даасан, хараат бус шүүхээр шүүлгэх эрхийг Хүний Эрхийн Хорооноос "салгаж болшгүй хүний туйлын эрх"-ийн үндэс суурь гэж үзжээ. Харин дээрх нөхцөл бүрдсэний дараа шударгаар шүүлгэх эрхийн тухай асуудлыг хөнддөг. Шударгаар шүүлгэх нь шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны үед, шүүх хуралдааны дараа эдлэх цогц эрхүүдийг багтаасан өргөн хүрээтэй ойлголт бөгөөд үүнд, шүүх хуралдаанаас өмнө эрх зүйн зөвлөгөө авах, өмгөөлөгч сонгох, эрүү шүүлтэд өртөхгүй байх, шүүх хуралдааныг шударгаар хийлгэх (талууд адил тэгш мэтгэлцэх, шүүх хуралдаан нээлттэй байх), гэм буруутай нь нотлогдоогүй тохиолдолд гэм буруугүйд тооцогдох, хэргийг цаг алдалгүй шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх зэрэг олон эрхийг нэрлэж болно. Шүүх нь төрийн үйл ажиллагааны механизм болохын хувьд гэм буруутай этгээдийг олж тогтоох, түүнд зохих хариуцлагыг хүлээлгэх үүрэгтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд шүүх ажиллагаа шударгаар явагдаж, түүний шийдвэр нь шударга, зөв гарах ёстой. Эс бөгөөс шүүх ажиллагаа илт шударга бус эсвэл шударга бус хэмээн ойлгогдож, шүүх тогтолцоо өөрийн шударга байх чанараа алдана.

Related News