Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах нар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нартай өнөөдөр /2025.11.19/ уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийн хэрэгжилт, бизнесийн үйл ажиллагаа дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг танхимын гишүүн ААН-үүдэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг ханган ажиллахад зөвлөн туслах хэрэгцээ, шаардлагын талаар болон хамтын ажиллагааны чиглэл тодорхойлж санал солилцлоо.
Цаашид бизнесийн салбар дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоож, арилгахад хамтран ажиллах шаардлагатай болохыг дүгнэж, дараах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон.Үүнд:
- Танхимын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв, Бизнес академитай хамтран хүний эрхийн сургагч багш бэлтгэх, хамтран ажиллах төлөвлөгөө гаргах;
- Комиссоос 12 дугаар сард зохион байгуулах Хүний эрхийн форум-2025 арга хэмжээний “Бизнес ба хүний эрх” салбар хуралдаанд хамтран ажиллах;
- Танхимаас зохион байгуулдаг уламжлалт болон захиалгат сургалтын хөтөлбөрт Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг сурталчлан таниулах сургалтыг тусгаж зохион байгуулах;
- “Бизнес ба хүний эрх” үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бизнесийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ, үнэлгээ хийх, уг үнэлгээг шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах шалгуур үзүүлэлтэд тусгах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан ААН бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх заалтыг хэрэгжүүлэхэд МХАҮТ-аас бодлогоор дэмжих.

Танхим МҮХАҮТ-ын тухай хуулийн төсөлтэй холбоотой шинэлэг зохицуулалт, хүнд суртлын индекс, бизнесийн орчны судалгааны талаар Комисст мэдээлэл өгч, танхимын дэргэдэх Эдийн засгийн судалгааны институттэй мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар болов.
Түүнчлэн аж ахуй эрхлэх эрх, өмчтэй байх эрхийн асуудал, эдийн засгийн эрх чөлөөний багц хуулийн асуудлаар санал солилцож шүүхээр шударгаар шүүлгэх эрхийн хүрээнд шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын эдийн засгийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, боловсролын асуудлыг хөндөж ярилцлаа.