
“Төрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх баруун бүсийн нэгдсэн уулзалт, арга хэмжээ” 2026 оны 10 дугаар сарын 20–21-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 400 гаруй төрийн албан хаагч оролцов.

Уулзалт, сургалтыг Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Удирдлагын академи болон Канад-Монголын Мерит төсөл хамтран зохион байгууллаа.

Хоёр өдрийн сургалтаар төрийн албан хаагчдын хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх, төрийн албаны ёс зүй, хариуцлага, хүний эрх, жендэрийн тэгш байдлын талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдлэг, арга зүйг хүргэлээ. Мөн иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнд суурилан хэрэгжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хамруулав.

Сургалтын хоёр дахь өдөр оролцогчдыг дөрвөн тэнхимд хуваан, дадлага ажил, бодит нөхцөл байдалд суурилсан кейсийг багаар шийдвэрлэх хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан юм. Ингэснээр оролцогчид мэдлэг, туршлагаа солилцож, тулгамдсан асуудлын шийдлийг хамтран хэлэлцэн, сурсан зүйлээ ажлын байрандаа хэрэгжүүлэх арга барилд суралцлаа.

Оролцогчид тус сургалтыг цаг үеэ олсон, практик ач холбогдолтой, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах мэдлэг, ур чадвар олгосон үр дүнтэй арга хэмжээ болсныг онцоллоо.
