Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд бүр ялагч – Хүн бүр хүүхэд хамгаалагч” уриан дор “Засагт ханы хүүхдүүд–2026” хүүхдийн марафон гүйлтийг 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь аймгийн Засаг дарга Г.Чинбатын ивээл дор болсон бөгөөд 600 гаруй хүүхэд оролцов.

Марафоны гол зорилго нь аймгийн “Хамтын шийдэл – Хамгаалагдсан ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлтээс ангид, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхийг дэмжих, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын хор уршгийг олон нийтэд таниулах, эерэг хандлага, зөв соёлыг төлөвшүүлэх, спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм.



Марафоны нээлтийн үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран зохион байгуулж, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга хөтлөлт, хөгжмийн үйлчилгээ зэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
Гүйлтийн арга хэмжээг Биеийн тамир, спортын газар, Боловсролын газар хамтран зохион байгуулж, Цагдаагийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан бол Онцгой байдлын газрын алба хаагчид хүүхдүүдтэй хамт гүйж, аюулгүй байдлыг нь хамгааллаа.


Мөн Онцгой байдлын газрын эмч болон Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хорооны Өсвөрийн улаан загалмайч хүүхдүүд марафонд оролцогчдод зориулан гүйлтийн зам дагуу эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх 4 цэг ажиллууллаа.

Арга хэмжээний үеэр Комисс, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүслийн хана”, “Хүслийн хайрцаг” ажиллуулж, хүүхдүүдээс ирээдүйн Алтай хот, Есөнбулаг сум, Говь-Алтай аймгаа хэрхэн хөгжөөсэй гэж хүсэж байгаа талаар хүүхдүүдийн үзэл бодол, хүсэл мөрөөдлийг цуглуулах ажлыг хийлээ.

Түүнчлэн марафоны хүрээнд хүүхдийн эрх хамгаалал, үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны зөв хэрэглээг сурталчилсан олон нөлөөллийн ажил зохион байгуулагдлаа. Үүнд:
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Говь-Алтай аймгийн Хүүхдийн зөвлөл хамтран "Үе тэнгийн дээрэлхэлтээс чөлөөлье"
Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, Хурдан клубын хүүхдүүд хамтран “Цахимд ч найз байя”
Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хороо “Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе” зэрэг үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг нөлөөллийн ажлуудыг зохион байгууллаа.






Түүнчлэн Насан туршийн суралцахуйн төв болон Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Говь-Алтай аймаг дахь салбар хамтран марафонд оролцсон хүүхдүүдийн нүүрэн дээр хүссэн зураг, бичвэрийг зориулалтын будгаар зурж өгч баяр баясал бэлэглэлээ.


Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хүүхдүүдэд ус түгээж, бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллав.
Ийнхүү төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хүүхдийн марафон арга хэмжээг амжилттай зохион байгуулж, марафоны барианд орсон хүүхэд бүрд батламж гардуулан “Хүүхэд бүр тэгш эрхтэй, адил үнэ цэнтэй” гэсэн үзэл санааг олон нийтэд түгээв.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжин ажилласан Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар, Говь-Алтай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, Говь-Алтай Онцгой Байдлын Газар, Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн төв, Говь-Алтай аймгийн Боловсролын газар, Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Ардын дуу бүжгийн Алтай чуулга, Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia, Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хороо, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Говь-Алтай аймаг дахь салбар -н хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Мөн Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн хүүхдүүд, “Хурдан” клубын хүүхдүүд, Өсвөрийн улаан загалмайч хүүхдүүддээ тусгайлан талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.