Гомдол
“Хүний эрхийн судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хүний эрхийн судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026.05.28 150
Сонсох

Өнөөдөр (2026.05.28)  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр хүний эрхийн судалгаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, судалгаа, шинжилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэний үр дүнд зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нээж, хүний эрхийн чиглэлээр хийж буй судалгаа, шинжилгээний ажлын чанар, уялдаа холбоо, үр нөлөөг сайжруулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Мөн Комисс бие даан болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран 160 гаруй судалгаа, дүн шинжилгээ хийж, үр дүнг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх жил тутмын илтгэлдээ тусгасаар ирсэн нь тогтолцооны чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр болж байгаа боловч төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын дэргэдэх судалгааны байгууллагуудын үйл ажиллагаа харилцан уялдаагүй, мэдээллийн санг тусдаа бүрдүүлж байгаа нь давхардал үүсгэж, өмнөх судалгааны үр дүнг бодлого, шийдвэр гаргахад бүрэн ашиглах боломжийг хязгаарлаж байгаа талаар дурдав.

Арга хэмжээнд холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, бодлого боловсруулагчид, Cудалгааны хүрээлэн, иргэний нийгмийн байгууллагын судлаачид, их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, хуульч, өмгөөлөгчдийн байгууллагын төлөөлөл болон шинжээчид зэрэг 70 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн ахлах референт Ч.Ариунаа “Хүний эрхийн судалгааны өнөөгийн байдал, анхаарах асуудлууд”,

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш, доктор Т.Булганзаяа “Хүний эрхийн судалгаа, судлаачийн ёс зүй”, Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга Ш.Ариунболд “Хүний эрхийн судалгаанд их өгөгдөл, хиймэл оюун ухаан, технологийн хэрэглээ” сэдвээр тус тус илтгэл тавилаа. 

Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн “Хүний эрхийн судалгаа: Салбар дундын судалгаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, Парламентын судалгааны хүрээлэнгийн Парламентын хөгжлийн хэлтсийн дарга П.Түмэнцэцэг “Хүний эрхийн судалгааны үр дүнг бодлого боловсруулах үйл явцад тусгах нь”, Хараат бус судалгааны төвийн гүйцэтгэх захирал Н.Минжирмаа “Судалгааны үр дүнг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, нөлөөллийн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлгийн хүрээнд хүний эрхийн судалгааны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэр гаргалтад үр дүнтэй ашиглах чиглэлээр санал, зөвлөмж гаргаж, судалгаанд суурилсан бодлого боловсруулах тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг оролцогчид онцоллоо.

Мөн Үндэсний судалгааны нэгдсэн платформ зэрэг цахим системүүд хөгжсөнөөр мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нэг талбараас мэдээлэл хүлээн авах суурь нөхцөл бүрдэж байгаа хэдий ч  системүүдийн уялдаа холбоо, өгөгдөл солилцооны нэгдсэн шийдэл хангалтгүй байгаа нь мэдээллийн давхардал, зөрүүтэй байдал үүсгэж, улмаар судалгаа, шинжилгээ болон бодлого боловсруулах үйл ажиллагааны үр нөлөөг бууруулах эрсдэлийг бий болгож байгаа талаар ярилцав.

Цаашид Хүний эрхийн судалгааны чадавхыг бэхжүүлэхдээ хүний эрхийн судлаачдын дэмжих, мэргэшүүлэх, ёс зүйн асуудлыг анхаарч, хүний эрхийн мэдрэмжтэй судалгаа хийх судалгааны чанар хүртээмжид анхаарах, үр дүнг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, практикт нэвтрүүлэх, судалгааны мэдээллийн санг хуваалцах, шийдвэр гаргалтад ашиглах, төрийн байгууллагуудад цугларсан өгөгдөл ашиглаж хүний эрхийн нөхцөл байдлыг тодорхойлоход анхаарах шаардлагатайг тодотгов.

Мөн хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүрэг бүхий байгууллагууд болон салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой зөвлөлдөх, нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.