Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.03.05) “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб санаачлан Хүний эрхийн Үндэсний Комисс, “Хөөрхөн Зүрх” ТББ хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал, хохирогчийн эрхийг хамгаалах асуудал болон энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйг хэрхэн баримтлах талаар оролцогчид санал солилцов.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул хэлэлцүүлгийн үеэр охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн талаарх олон улсын гэрээ, үндэсний эрх зүйн орчин, мөн ийм төрлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал болон Комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрбээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг тусгасны үндсэн дээр Улсын Их Хурлаас 77 дугаар тогтоол гаргасан.
Уг тогтоолд насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллийг нарийвчлан гаргах, энэ төрлийн гэмт хэргийн криминологийн цогц судалгаа хийх, судалгааны үр дүнд үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа болон урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг шинэчлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчтой ярилцлага хийх, мэдүүлэг авах ажиллагааг хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон, аюулгүй, ээлтэй орчинд мэргэшсэн сэтгэл зүйч, нийгмийн ажилтны оролцоотойгоор нэг удаа шуурхай явуулж, дуу болон дүрсний бичлэгээр баримтжуулан нотлох баримтад тооцдог байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч заавал өмгөөлөгчтэй оролцох шаардлагатайг онцолсон юм.
Сүүлийн үед технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчрихийллийн (ТАҮБЖСХ) шинэ хэлбэрүүд нэмэгдэж байгааг дурдлаа. Тухайлбал, цахим уруу таталт (хэн нэгэн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг үйлдэх зорилгоор хүүхдийн итгэлийг олж авахын тулд тэдэнтэй найз болж сэтгэл зүйн холбоо үүсгэх, online grooming), хиймэл оюун ухаанд суурилсан дүрс өөрчлөх технологи (deepfake) зэрэг олон улсын түвшинд тодорхойлогдсон 30 гаруй төрлийн хэлбэр бий болсон бөгөөд эдгээрийг хууль тогтоомжид бүрэн тусгаагүйгээс гэмт этгээд ял завших нөхцөл үүсэх эрсдэл байгааг анхаарч, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Хөөрхөн Зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн статистик мэдээлэл болон урьдчилан сэргийлэх арга замын талаар танилцуулсан бол тус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, сэтгэл зүйч П.Энхчимэг бэлгийн хүчирхийллийг даван туулагчийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхдээ сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлал ашиглахын ач холбогдлын талаар мэдээлэл өгөв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд зохион байгуулагчид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид гэмт хэргийн талаар мэдээлэхдээ сенсаци хөөж хандалт нэмэгдүүлэхээс илүүтэй мэргэжлийн ёс зүйг чанд баримтлах, ялангуяа хохирогчийг буруутгах хандлагыг өөгшүүлэхгүй байх, үйл явдлыг хэт дэлгэрэнгүй тоочихоос зайлсхийж, харин бэлгийн хүчирхийллийн улмаас хохирогчид учирч буй сэтгэл зүйн болон нийгмийн үр дагавар, тухайлбал хичээл сургуульдаа явж чадахгүй болох, гадуурхалтад өртөх зэрэг олон сорилт, хүндрэл бэрхшээлтэй тулгарч буйг олон нийтэд бодитойгоор ойлгуулах нь чухал болохыг онцлов.
