Гомдол
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.05.14 96
Сонсох

Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралд оролцох, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, сэтгэл зүйн эрүүл мэнд болон хамтын ажиллагааны талаар Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, "Хүмүүн бие даан амьдрах төв" НҮТББ-ын захирал П.Ганчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа, Дархан сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бямбасүрэн нар хамтран уулзлаа.

Уулзалтаар Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон ажлын байрыг бий болгох, сумын хөгжлийн бодлого хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхлэлтийг дэмжих, бодлогын түвшинд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн "Хүмүүн бие даан амьдрах төв" НҮТББ-ын тэргүүн П.Ганчимэг нь хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн түрээсийн байр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг яриандаа онцоллоо. 

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа "Хүмүүн бие даан амьдрах төв"-ийн тэргүүн П.Ганчимэгтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах эрхийн тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн хүртээмж, оролцооны талаар төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах үр дүнтэй уулзалт боллоо.

Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзах уулзалтыг талууд хамтран зохион байгуулах, 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр болох "Европын өдөрлөг", мөн 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болох "Дархан Марафон" арга хэмжээнд  "Хүмүүн бие даан амьдрах төв" НҮТББ-ын гишүүдийг оролцохыг урив. 

Түүнчлэн Комиссоос хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр аймаг, сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар явуулж буй үйл ажиллагаа, төрийн байгууллагын гадна, дотоод орчны хүртээмжид 2025 онд Комиссоос үнэлгээ хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн аймгуудын засаг дарга нарт Комиссын гишүүний Зөвлөмж хүргүүлсэн.