Гомдол
Комиссын илтгэлийн мөрөөр гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр бодит алхам хийх нь хүний эрхийн хамгаалахад чухал түлхэц болно

Комиссын илтгэлийн мөрөөр гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр бодит алхам хийх нь хүний эрхийн хамгаалахад чухал түлхэц болно

2026.05.11 84
Сонсох

Өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогттой уулзаж, хүний эрхийн хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн хэрэгжилт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах, биелэлтэд хяналт тавих шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.

Тухайлбал, Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр 2022–2025 онд хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нийт 54 зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлсэн. Үүнээс 37 зөвлөмж нь УИХ-ын 2022 оны 49, 2023 оны 35, 2024 оны 37, 2025 оны 77 дугаар тогтоолд тусгагдсан байна. Засгийн газарт уг тогтоолуудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан.

 Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Ахмад настны тухай, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай Хүүхэд хамгааллын тухай хуулиудад Комиссоос өгсөн 9 зөвлөмж тусгагдсан байна. Гэсэн хэдий ч Комиссоос дээрх онуудад хүргүүлсэн нийт 54 зөвлөмжийн 17 орчим хувь нь хууль тогтоомжид тусгагдсан нь хангалтгүй үзүүлэлт юм.

Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирол нөхөн төлүүлэхэд чиглэсэн хууль, Кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах тухай хууль, Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахад чиглэсэн хууль, иргэдийн эдийн засгийн баталгааг бүрдүүлэх зэрэг гол гол хуулиудыг нэн тэргүүнд батлуулах шаардлага байгаа талаар дурдлаа. 

 Мөн хүний эрхийг хангах хүрээнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах шаардлагатай. Төрийн байгууллага, албан тушаалтнууд хүний эрхийг хангах, хамгаалах талаар тогтмол  ярьдаг боловч бодит ажил, бодит үр дүн хангалтгүй, байгууллага, институт хоорондын уялдаа холбоо сул, төсөв, санхүүгийн болон бусад шалтгааны улмаас хууль тогтоомжийн хэрэгжилт дутмаг, аргацаасан шинжтэй байгааг залруулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоол, Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байгаа эсэхтэй уялдуулах шаардлагатайг хэллээ.

Үүнтэй холбогдуулан Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Комиссын мандат, хараат бус байдлыг бэхжүүлэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрх хамгаалагч, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чиг үүргийг үндсэн хуультай нийцүүлэх шаардлагын талаар танилцуулав. Үүний зэрэгцээ хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, жендэрийн тэгш байдал, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хиймэл оюун ухаан, цахим хөгжилтэй холбоотой шинэ тутам үүсэж буй хүний эрхийн асуудлыг онцлон хөндлөө.

Мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн. 

Энэ  удаагийн илтгэлийг Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого төлөвлөлт, Комиссын стратеги төлөвлөгөө, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, эх сурвалжид үндэслэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 60 саналын хамт тоймлон танилцуулж байгаа талаар тодотгов.