Гомдол
ХЭҮК-ын дарга, гишүүд ХЗДХ-ын сайдтай санал солилцох уулзалт зохион байгууллаа

ХЭҮК-ын дарга, гишүүд ХЗДХ-ын сайдтай санал солилцох уулзалт зохион байгууллаа

2026.04.15 51
Сонсох

Өнөөдөр (2026.04.15) Хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоо, тулгамдсан асуудлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан Б.Энхболд, Тамгын газрын дарга Т.Ихтамир болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, газрын дарга нар, холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хэлэхдээ, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцээд УИХ-аас баталсан сүүлийн 5 жилийн тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Өнгөрсөн жилийн 24 дэх удаагийн илтгэлийн мөрөөр УИХ-ын 77 дугаар тогтоолд 5 бүлэг, 41 заалт бүхий арга хэмжээг тодорхойлсон, дийлэнхи хувь нь тус яаманд харьяалагдах асуудал байгаа бөгөөд хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай болохыг онцлов. Мөн сүүлийн 5 жилд Комиссоос 39 хууль тогтоомж батлах, шинэчлэх өөрчлөх санал гаргаснаас 13 нь батлагдсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүний эрхийн чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр үүсэж буй харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг илэрхийллээ.

Комиссын гишүүн Б.Энхболд хэлэхдээ, ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлдээ Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэж байгаа үүрэг, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тусгаж, санал боловсруулсан. Бодит нөхцөл байдал хүнд, ялангуяа орон нутагт шүүх шинжилгээний байгууллагуудын байр наад захын шаардлага, стандарт хангахгүй байгааг тодотголоо.

Комиссын гишүүн Ж.Хунан: "Хууль зүйн салбарын мэдээллийн өгөгдөл зөрүүтэй байгааг анхаарч нэгдсэн мэдээллийн сантай болох, мөн насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ хүүхдийн дээд эрх ашгийг нэн тэргүүнд тавих, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн бие махбод болон сэтгэл санаанд учирсан хохирол, гэмт хэргийн улмаас гарсан бусад зардлуудыг бодитоор тооцон тодорхойлох, үндсэн хэргийн хамт шийдвэрлэх, хохирогч хүүхдэд нөхөн төлбөрийг эхний ээлжид төрөөс олгох, дараа нь төр гэм буруутай этгээдээс гаргуулах зохицуулалт хийх шаардлагатай байна" гэв.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан албан ёсны анхны уулзалтаа ХЭҮК-оос эхэлж байна гээд Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд Комиссын гаргаж байгаа санал, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хамтран ажиллахад нээлттэй байх болно гэдгээ илэрхийллээ.